POLA SUMMIT (Summit of Presidents of Law Associations in Asia)
2016 оны 07-р сарын 04.     ДАВАА ГАРАГ

   

   

     Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт 2016 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

    Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний Чуулга уулзалт (POLA, цаашид “АХХЕДХЧУ” гэх) нь 1990 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бүс нутгийн Хуульчдын холбоодын тэргүүлэгч нарын хооронд санал, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан улс төрөөс ангид, бие даасан байгууллага юм.

    АХХЕДХЧУ нь бүрэн эрхээ ээлжит хуралдаанаар хэрэгжүүлдэг бөгөөд ээлжит хуралдаан нь жилд нэг удаа аль нэг гишүүн улсад зохион байгуулагддаг.

    Монголын Хуульчдын холбоо нь 2014 онд АХХЕДХЧУ-д гишүүнээр элссэн бөгөөд 2016 оны ээлжит чуулга уулзалтыг анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг 2015 онд БНЭУ-ын Гао хотод зохион байгуулагдсан уулзалтаас авсан юм. 

    Азийн Хуульчдын холбоодын ерөнхийлөгчдийн 27 дахь Чуулга уулзалтаар “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал: Хуульч ба Хуульчдын холбооны оролцоо”, “Уул уурхай ба хүний эрх, эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх санаачлага” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг явуулж, бүс нутгийн хуульчдын дархан эрхийн тунхаглалыг батлах төлөвлөгөөтэй байна.

    Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд АХХЕДХЧУ нь Ази, Номхон далайн бүсэд олон нийтийн хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, хуульчдын хариуцлагыг дээшлүүлэх, хуульчийн мэргэжлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хүний эрхийн зөрчлийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх, эрх зүйн боловсролын тогтолцоог сайжруулах асуудлаар санал, мэдээлэл, туршлага хуваалцах орон зай болж, Хуульчдын холбоодын мэргэжлийн, бие даасан байдлыг хөгжүүлэх, бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн.

  

 

 




УНШСАН: 1448