Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах гэрээ байгууллаа
2018 оны 12-р сарын 06.     ПҮРЭВ ГАРАГ

    Санхүүгийн зохицуулах хороо зарим мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, өнөөдөр гарын үсэг зурлаа.

    Гэрээнд Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амгаланбаатар, Компанийн засаглалын хөгжлийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Цэнд-Аюуш, Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн нийгэмлэг НҮТББ-ын гүйцэтгэх захирал Ё.Рэнцэндорж, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоог төлөөлж Гүйцэтгэх захирал А.Урангоо нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

    Ёслолын ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр санхүүгийн зах зээлийн оролцогчдыг чадавхжуулах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахад мэргэжлийн холбоодтой үр ашигтай хамтын ажиллагааг явуулах явдал чухал байгааг онцолсон.

   Монголын Хуульчдын холбоо нь Санхүүгийн зохицуулах хороотой хамтран биржийн арилжаанд оролцогч брокеруудад эрх олгох болон үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө үзүүлэгчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах юм. 




УНШСАН: 165

СЭТГЭГДЭЛ

Зөвхөн гишүүд бичнэ.