“ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ: ОЛОН УЛСЫН ШҮҮХИЙН ПРАКТИК” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2018 оны 12-р сарын 20.     ПҮРЭВ ГАРАГ

    Монголын Хуульчдын холбоо, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интэрнэйшнл ТББ хамтран “Дойче вэллэ академийн дэмжлэгтэйгээр шүүгч, прокурор, өмгөөлөгчдөд  зориулан "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө:  Олон улсын шүүхийн практик"  сэдэвт сургалтыг 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

    Сургалтын нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дарга Г.Гүнжидмаа нар оролцож, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх олон улсын механизм болоод үүнтэй холбоотой хэргүүдийг шийдвэрлэж буй олон улсын шүүхийн практикыг судалсан ач холбогдолтой сургалт болохыг онцолсон.

    Энэхүү сургалтаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын түвшин дэх хамгаалалт, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөний талаар НҮБ-ын Хүний эрхийн хороо, Европын Хүний эрхийн шүүхэд баримталдаг хэм хэмжээний талаар мэдлэг ойлгосон бөгөөд сургалтыг олон улсын шинжээч, хуульч Галина Арапова удирдан явуулсан юм. Тэрбээр ARTICLE 19 буюу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах олон улсын хөдөлгөөний удирдах зөвлөлийн орлогч дарга ажээ.

    Мөн энэхүү сургалтын үеэр хуульч, судлаач Б.Мөнхбүрэн “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба Зөрчлийн тухай хууль” сэдвээр, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хорооны дарга, хууль зүйн доктор Ш.Сүхбаатар “Хэвлэл мэдээллийн ёс зүй-Өөрийн зохицуулалтаар шийдсэн зарим жишээнүүд” сэдвээр мэдээлэл өгсөн.




УНШСАН: 302