Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий хуульчдын заавал гишүүнчлэлтэй, тэдний өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм.

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗОРИЛГО, ТЭМҮҮЛЭЛ

    Монголын Хуульчдын холбооны эрхэм зорилго нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох замаар Монгол Улсад хуулийн засаглалыг төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх нөхцөлийг хангахад оршино.

Хуульчдын холбоо нь үйл ажиллагаандаа дараах зарчмын баримтлан ажиллаж байна. Үүнд:

  • Хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэх;
  • Аливаа нам, улс төр, шашны үйл ажиллагаанаас ангид байж, хараат бус, бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах;
  • Ил тод, нээлттэй байх;
  • Гишүүдийн мэргэжлээрээ хөгжих, суралцах нөхцөлийг бүрдүүлэх;
  • Бүх гишүүддээ эрх тэгш үйлчлэх бөгөөд үйл ажиллагаандаа нийт гишүүдийн оролцоог хангаж ажиллахыг эрмэлзэнэ.

 

ЧИГ ҮҮРЭГ

    Хуульчдын холбоо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандартыг тогтоож, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх;
  • хуульчийн шалгалт зохион байгуулах;
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
  • хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалтыг зохион байгуулж, багц цагийг тооцох;
  • хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, сахиулах;
  • Мэргэжлийн хариуцлагын хороог байгуулан ажиллуулах;
  • шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулахад оролцох;
  • хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх;
  • хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх;
  • хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, шүүхийн практик, хууль зүйн бодлогын чиглэлд судалгаа хийх;
  • Мэргэжлийн чиглэлээр бодлогын нөлөөлөл, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа болон төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх.