Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хороо Танилцуулга Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчны эрх зүйн дэд хороог дэргэдээ байгуулсан. Тус дэд хороо нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хуульчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хуульчдын дуу хоолойг хүргэх, байгаль орчны салбарын төр, төрийн бус болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, салбарын эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Дэд хорооны зохион байгуулалт: 2026 оны байдлаар дэд хороо нь байгаль орчны эрх зүйг сонирхогч болон мэргэшсэн нийт 51 гишүүн хуульчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хуульч Р.Мөнхзул нь 2016 оноос 2023 онуудад дэд хорооны зохицуулагчаар ажилласан бөгөөд Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар хорооны зохицуулагчийг шинэчлэн томилох асуудлыг хэлэлцэж, хуульч Р.Лхагвабаярыг хорооны шинэ зохицуулагчаар томилсон. Байгаль орчны эрх зүйн дэд хороо нь 2016 оноос 2026 онуудад эрдэм шинжилгээний хурал, хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах, залуу хуульчдад зориулсан чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар нийгэмд тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдлэг, мэдээлэл түгээх ажлуудыг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн. Үйл ажиллагаа: Хуульч, эрх зүйч, хуулийн сургуулийн оюутнуудыг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажиллах, тэдний мэдлэг, мэдээллийг тэлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, “Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг” НҮТББ-тэй тус тус хамтран “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрт нийт 30 оролцогчийн 10 нь хуульч байсан. Хөтөлбөрөөр дамжуулан хуульчид байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх өөрийн мэдлэг чадвараа сайжруулж, тус салбарт ажиллах суурь мэдлэгтэй болсон. Тус хөтөлбөрийн шилдэг оролцогчоор Хуульчдын холбооны гишүүн хуульч О.Мөнхнасан шалгарсан Улмаар хорооны зохицуулагч Р.Лхагвабаярын хамт 2024 оны 02-р сарын 26-ны өдрөөс 03-р сарын 01-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Кени улсын нийслэл Найроби хотод зохион байгуулагдсан НҮБ-ын Байгаль Орчны Ассамблейн Зургадугаар хуралд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгчдийн хамт оролцсон. Хурлын үеэр газрын доройтол (Land Degradation), уур амьсгалын шударга ёс (climate justice), үеийн хоорондын тэгш бус байдал (Intergenerational inequity), ашигт малтмал болон металлын олборлолтын байгаль орчны нөхцөл байдал (Environmental Aspects of Minerals and Metals)-тай шийдвэрийн төслүүдийн хэлэлцээрт оролцож, дуу хоолойгоо хүргэсэн. Мөн байгаль орчны эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/ болон Монголын Хуульчдын холбоо хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр албажуулан байгуулсан. Энэ хүрээнд санамж бичгийн төслийг Байгаль орчны эрх зүйн дэд хорооноос боловсруулж, Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэн холбооны ерөнхийлөгчид хүргүүлж, батлагдах хүртэл оролцож ажилласан. Санамж бичгийн хүрээнд байгаль орчны эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр "Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах хэлэлцүүлгийг байгаль орчны эрх зүйн дэд хороо нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэ Нэйче Консерванси байгаль хамгааллын олон улсын байгууллага, Хүний эрхийг хамгаалах залуу хуульчдын клубтэй хамтран зохион байгуулж, тус хэлэлцүүлэгт 100 орчим хүн оролцсон. Цаашлаад Монголын Хуульчдын Холбооны Тамгын газраас санаачилсан "Эрүүл мэнд - Эх дэлхийгээ хайрлая" уриан дор хуульчдын спорт явган алхалтыг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулахад идэвхтэй оролцон, зохион байгуулалтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн. Уг арга хэмжээнд 100 гаран хуульчид оролцсон бөгөөд Улаанбаатар – Ургах наран хороолол – Хар усан тохой гэсэн маршрутаар 10 км явган аялж, хуульчдад байгаль хамгааллын үзэл санааг түгээхийн зэрэгцээ багийн уралдаан тэмцээнээр дамжуулан гишүүдийн уялдаа холбоог бэхжүүлсэн юм.