Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Захиргааны эрх зүйн хороо
Захиргааны эрх зүйн хороо
Танилцуулга
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА Захиргааны эрх зүйн хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасны дагуу захиргааны эрх зүйн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг, тухайн чиглэлээр мэргэшиж ажиллах сонирхол бүхий хуульчид сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулагдсан Хуульчдын холбооны сайн дурын хороо юм. Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо нь Хуульчдын холбооны дүрмийн 9.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Монголын Хуульчдын холбооны Анхдугаар Их хурлын 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолоор албан ёсоор батламжлагдан үйл ажиллагаа явуулж байна.  Хорооны зорилго нь гишүүдийнхээ шинжлэх ухаанч мэдлэг, хуульчийн ур чадварыг дэмжих үүднээс захиргааны эрх зүйн чиглэлээр судалгаа хийж, шинэлэг мэдээ, мэдээлэл түгээх, захиргааны эрх зүйн судлаачдыг дэмжиж, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлд төлөөлөл илгээхэд оршино.  Хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэмд тухайлан заасан чиг үүргийг хэрэгжүүлэх болон хорооны жилийн ажлын төлөвлөгөөнд заасны дагуу захиргааны салбар эрх зүйн чиглэлээр суурь болон хавсарга судалгаа хийх, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, Хуульчдын холбооны үйл ажиллагаанд оролцох, гишүүддээ үйлчилж мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Захиргааны эрх зүйн хороо Байгаль орчны эрх зүйн хороо, Хүүхдийн эрх зүйн хороо, Үнэт цаас, технологийн дэд хороодтой бөгөөд  нийт 892 гишүүнтэйгээс шүүгч 88, прокурор 15, өмгөөлөгч 459, бусад хуульч 330 байна.        Холбооны дүрмийн 8.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу хорооны тэргүүнээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүдээр Б.Анхбаяр, С.Оюунгэрэл, Б.Төрбат,  Ө.Эрдэнэ-Очир, Ш.Алтангадас, Б.Баттогтох, Л.Галбаатар, С.Халиунаа, Б.Баасандорж, Х.Баасанжаргал, У.Болдхүү, Ч.Мөнхболор нар сонгогдон ажиллаж байна.  Тус хорооноос жил бүр захиргааны эрх зүйн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн ажилладаг бөгөөд эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, подкаст бэлтгэх зэргээр нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдлэг, мэдээлэл түгээх ажлуудыг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран "Цар тахлын үеийн шийдвэр гаргалт ба Хүний эрх" сэдэвт цахим хэлэлцүүлэг, “Нийтийн эрх ашгийн өмгөөлөл: хүрээлэн буй орчин, эрүүл мэнд” хэлэлцүүлэг, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад мэргэжлийн байгууллагуудтай  хамтран “NFT Маркетплэйс”-ийн эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлаар  уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан бол “Эрх зүйн мэдлэг”-1, 2, "Татварын эрх зүй" сэдвүүдээр подкастууд бэлтгэн гаргажээ. Мөн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан, “Байгаль орчны эрх зүй / хүрээлэн буй орчны эрх зүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд бичвэрийн уралдааныг зохион байгуулсан бол Б.Чимидийн нэрэмжит “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд хямралын үеийн тулгамдсан асуудал” Олон Улсын эрдэм шинжилгээний III хурлын хамтран зохион байгуулагчаар ажиллаж байв.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ