Ш.Цогтоо: Үндсэн хуульд “зөвлөлдөх санал асуулга” гэсэн нэг ч үг байхгүй

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш, хуульч өмгөөлөгч Шарын Цогтоогийн байр суурийг ҮХНӨ-т тойрсон маргаан бүхий асуудлаар олон нийтэд хүргэж байна. Үндсэн хууль судлаач Ш.Цогтоо нь 1992 оны шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, улмаар 10 гаруй хуулийн төслийг гардан боловсруулж, МУИС-д 30 гаруй жил багшлах явцдаа шинэ Үндсэн хуулийнхаа үзэл санааг нээн харуулахад чиглэгдсэн нийтдээ 80 гаруй судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвисны дотор хууль зүйн бүх их, дээд сургуульд судалж үздэг 5 сурах бичиг, 10 гаруй нэг сэдэвт бүтээл бичиж нийтийн хүртээл болгоод байна.

Тэрээр Улсын Дээд шүүхээс нэр дэвшүүлснээр 2014-2021 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан эрдэмтэн судлаач бөгөөд саяхан явагдсан Монголын Хуульчдын Холбооны гишүүдийн нууц санал хураалтаар Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүнээр сонгогдоод байна.
 
АС: Өнөөдөр УИХ-аас хөдөө хотгүй хүн бүрийн саналыг сонсож буй нэг ажил нь сүүлийн үед эрчимтэй яригдаад буй. Бас олны дотор нэлээд эргэлзээ төрүүлэхүйц байгаа асуудал бол Үндсэн хууль болоод байна. Үндсэн хууль судлалаар мэргэшин ажилладаг эрдэмтэн хүний хувьд хэн хүнгүй тойрч зугтаагаад байгаа ҮХНӨ, зөвлөлдөх санал асуулга зэрэг асуудлаар таны саналыг өдрийн сониныхоо уншигчдад хүргэх гэсэн юм?  

Яахав чадан ядан оролдоод л үзье. Юуны урьд Үндсэн хууль нь төрийн байгуулал судлалаас гадна улс төр судлал, түүх судлал, хэл шинэжлэл, философи, хүний эрх, эрх чөлөө дагалдсан категориудын тулгуур мэдлэг, суурь ойлголтыг харилцан хамааралд нь авч үзэхийг өөрөө шаардаад байдаг харьцангуй өргөн агуулгатай судлагдахуун гэдгийг хэлмээр байна. Эдгээрийн дотроос бүр нарийсгаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /цаашид ҮХНӨ гэх/, зөвлөлдөх санал асуулга, төрийн байгууллын тогтолцоонд холбогдох янз бүрийн “проблем”-уудыг энгийн хүнд ойлгогдохоор хэлж өгнө гэдэг хичээл заахаас хавьгүй хэцүү даалгавар байна.

АС: Шуудхан асуухад хоёр жилийн өмнө ҮХНӨ оруулсан шиг санагдах юм. Гэтэл одоо дахиад л түүнийг өөрчилнө гээд парламент, Засгийн газар, улс төрийн намууд, ТББ бүгдээрээ нэгдээд ч байгаа юмуу, хуйвалдаад ч байгаа юмуу, болж бүтэхгүй бүх бурууг, мөн хулгай, луйвар гарч буй үүд хаалгыг Үндсэн хуультай холбодог болчихлоо. Шинэ Үндсэн хууль маань үнэхээр тэгтлээ үр нөлөөгүй байгаа хэрэг үү? Та юу гэж үзэж байна?

Гайхалтай асуулт байна. Арай ч бүгдээрээ биш байлгүй дээ. Лав л иргэд олон нийт өөрийнхөө үнэт зүйл рүү гар дүрээд аль гэж хүсэхгүй байгаа  нь ойлгомжтой. Нээрээ л сүүлийн 30 гаруй жилийн бүтэлгүйтэл, ялангуяа улс төр, эдийн засгийн мухардмал байдлын бүх бурууг, бас буруутанг Үндсэн хуулиас эрэх явдалд дээдэс маань нэрвэгдчихээд байгаа нь үнэн байх шүү. Уул нь Үндсэн хууль бол нэг талаас монголын ард түмний өөрсдийнх нь бүтээл, нөгөө талаас Үндсэн хуулийн эзэн нь ард түмэн Та бид нар юм. Тэр бүү хэл, хүн төрөлхтөн анхны Үндсэн хуульт байгууламжид шилжсэн 1787 оноос хойших ойлголтоороо бол аль ч үеийн засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн институт, нутгийн захиргаа бүхэлдээ ардчилсан шинэ Үндсэн хуулийн үйлчлэгч нь, бас хэрэглэгч нь, бас хамгаалагч нь гэдэгт түүний хууль зүйн гол утга агуулга оршдог. Чухам иймээс ард түмний хамгийн ариун нандин үнэт зүйл болох Үндсэн хуульд дур зоргоороо халдсан, ухамсаргүйгээр гар хүрсэн түүхүүд их гашуун. Оролдох бүрд хариу нь ирдэг хэмээн судлаачид ихэд болгоомжилдог. Олон ч кейс бий.

Манай нийгмийн болж бүтэхгүй юм болгонд Үндсэн хууль буруутай байна уу, Үндсэн хуулийг удиртгал болгон түүнд үйлчлэх үүрэг хүлээсэн “төр”, төрийн байгууллага,  албан тушаалтан буруутай  юу, товчхондоо муу сэтгэлээс үүдэлтэй муу үйлдэл хийдэг муу хүн буруутай юу гэх хоёрхон тоог эндээс харьцуулан үзэж болох юм. Одоогоор Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэн баталчхаад байгаа 850 гаруй хууль, 200 гаруй олон улсын гэрээ үйлчилдэг. Тэдгээрийн 280 гаруй нь Үндсэн хуулийн ямар нэгэн зөрчилтэй байгааг Үндсэн хуулийн цэц болон судлаач шинжээчид засаж залруулсаар буй нь эмперик судалгаанаас харагддаг. Энэ бол Үндсэн хууль буруутай байна уу, захиалгын хууль хийдэг үе үеийн парламентын гишүүд өөрсдөө буруутай юу гэдгийг хэлээд буй нэгэн жижигхэн жишээ юм.

Хүн бүрийн нүдэн дээр ил болчхоод буй өөр нэг баримт бол Үндсэн хуулийг үл ойшоосон баялгийн тэгш бус хувиарлалтаас эх үүсвэртэй Эрдэнэт үйлдвэр, ЖДҮ-ийн луйвар; хөгжлийн банк, нүүрсний хулгай; төмөр зам, хил гаалийн контрбанд, бусад мөнгө угаах гэмт хэргүүд Үндсэн хуулиас болоогүй, харин эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын сахилга хариуцлагагүй буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой нь тов тодорхой факт. Их холдуулж хэлбэл либерализмын өргөмөл хүү гэгддэг манай АН, МАН хоёрын үе үеийн Засгийн газрууд либерализм дотроо бүр неолиберализмын туршилтад амтшиж автагдаад байгаа нь харин хөгжлийн зөв гарц уу? буруу арга зам уу? гэдэгт хариу нэхэгдсээр их удаж байгаа. Энд хүний буруутай холбогдохгүй юм гэ нэг ч үгүй. 

Манай Үндсэн хууль тогтоогчид 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлахдаа социализм ч гээгүй, капитализм ч гээгүй, либерализм ч гээгүй зүгээр л “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлнэ” хэмээн монголын ард түмний туйлын хүсэл эрмэлзэл буюу алс хэтийн “идеал”-зорилгыг тодорхойлсон нь бий. Үүнийг Үндсэн хууль нь хөгжлийн хөтөлбөр юм шиг мөн ч олон жил гуйвуулж байна даа. Хөгжлийн хөтөлбөр гэдэг бол тухайн засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд зөвхөн Үндсэн хуульд нийцүүлэн хийж гүйцэтгэх ажлын өөрийнх нь зохиол бүтээл төдий зүйл юм. Минийхээр бол томоохон реформ шинэтгэл юмуу бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол бурууг, буруутанг Үндсэн хуулиас эрэх биш, харин хулгай зэлгийтэй шууд холбогдоод байдаг неолибериалист хөгжлийн чиг хандлага юмуу, эсвэл тухайн засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг гадаад, дотоод бодлоготой шууд уялддаг улс төрийн баримт бичиг рүү гээ нэг өнгийж харах хэрэгтэй болов уу. Үгүй гэвэл 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийн тунхаг заалтаас давж гарах хэмжээнд монголын ард түмнийг гэрэлт ирээдүй өөд нийтээр нэгэн зүгт хөтлөн дагуулах тийм "идеал" буюу туйлын хүсэл эрмэлзлийг эзэмдсэн нэг ч гэсэн нам төрөн гарч ирэхийг хүлээх л хэрэгтэй болох байх. 

АС: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь манай дарга нарын яриад байгаа шиг ийм амархан зүйл байдаг юм уу? Нэг нөхөр санаачилж энд тэндээс хүн цуглуулаад, тохиролцоод, хуйвалдаад, хэлэлцсэн болоод гялс манс баталчихдаг эд мөн юм уу? Одоо бүр Цэц, Ерөнхийлөгчийн хориг энэ тэр асуудлууд түүх болж мартагдчихсан хэрэг үү?

Юм л бол 1992 оны шинэ Үндсэн хуулийг байдаг чадлаараа попорч муулж буруутгаад байгаа хүмүүс түүнд дээрдүүлсэн ҮХНӨ оруулчихна гэж найдахад үнэхээр их хэцүү. Дордуулсан 7 нэмэлт өөрчлөлтийг ч, дараа дараачийх нь ҮХНӨ-ийг ч хийхдээ эхлээд үүн шиг чухал юм байхгүй гэж өдөр шөнөгүй тархи угаах ажиллагаа явуулдаг. Баахан юм болж баталсныхаа дараа төд удалгүй учир зүггүй муучилж, дараагийн нэмэлт өөрчлөлтийг нь хийнэ гээд л “попорно”. 

Дур зоргоороо авирлах “волюнтаризм” балмад үйл ажиллагаа яг л ингэж явагддаг, үр дагаварт нь иргэд улам бүр хамгаалалтгүй болж хоцордог. ҮХНӨ шиг олон шинжлэх ухааны уулзвар нийлмэл цогцод гар хүрэхдээ тулвал жинхэнэ бэлтгэгдсэн сайн мэргэжилтэн, судалгаа шинжилгээний мэргэшсэн институтууд гардан хийж бусдыгаа байлдан дагуулж байж бүтээдэг ажил. Сүүлийн 30 гаруй жилд ийм мэргэжилтэн бэлтгэгдэх нь байтугай Үндсэн хуулиа жинхнээс нь уншиж судалсан эрхмүүд тун ховор байгаа нь бараг л батлах шаардлагагүй үнэн.

Үндсэн хуулийг маань ямар ч тулгуур мэдлэг, суурь ойлголтгүй, барьцаатай ч юм шиг, барьцаалагдсан ч юм шиг нөхдүүд арай дэндүү үгүйсгэж хийсвэрлээд байх шиг санагддаг. Тэд дандаа л миний эрх багадаад байна, тэрний эрх ихдээд байна гэх мэтийн эрх мэдэл, албан тушаал, сандал суудал хөөцөлдсөн субьектив хандлагаар түүнд тав зургаан удаа гар хүрлээ, эргэж буцсан эрээ цээргүй үйлдэл ч гаргалаа. Иймэрхүү маягаар эрх мэдлээ нэмүүлж авсан этгээд эргүүлээд эздээ бороохойддог нь бараг л энэ ертөнцийн нэгэн гажиг үзэгдэл дээ. 

Нэгээхэн жишээ хэлэхэд 2019 оны ҮХНӨ-ийг “зөвлөлдөх санал асуулга” гэдгээр шийдвэрлэсэн, их ч ажил болсон, их ч мөнгө цацсан, уг зорилгоор үүсгэн байгуулагдаж өнөө хүртэл ажиллаж амьдарч байгаа хороо комисс, судалгааны институт хүртэл байгаа. Тэр нөхдүүд аль хэдийнээ  мөнөөх зөвлөлдөх санал асуулгын зүйл заалт буруу болж хэмээн урваж шарван, хоёрхон жилийн дараа 2022 онд ахин гар хүрэхэд бишгүйдээ нэг хатгаж хутгаад амжсан. Одоо бас л “зөвлөлдөх санал асуулга” явуулж нөгөөх Үндсэн хуулийн бус механизмаа 2023 онд дахин хэрэглэхээр зэхэж буй увайгүй санаархлыг юугаар ч зөвтгөх арга алга.  

Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг шүүмжлэх ч эрхгүй байгууллага мөртлөө 2019 оны ҮХНӨ-ийг хүчингүйд тооцон 2022 онд бужигнуулах галыг өрдөж шүүхийн түүхэнд байж боломгүй ноцтой алдаа гаргаж маш их нүгэл үйлдсэн. Үүнийг Үндсэн хуулийн шүүхийн завхрал гэж нэрлэж болно. Энэ алдаагаа Цэц өөрөө заавал засах ёстой. Цэц уг алдаагаа өөрөө засахгүй бол энэ нь цаашдаа буруу жишиг болж хувирах магадлал маш өндөр.

Түүхээс харвал нэг том албан тушаалтан, нэг том байгууллагын иймэрхүү завхрал, иймэрхүү тэнэглэлээр дамжиж дотоодын тагнах чагнах эрх бүхий нууцаар мөрдөн шалгах албад, гадаадын тусгай албад эх захаа алдсан гашуун сургамж саяхных. 1920, 1930-аад онд ЗХУ-ын КГБ-ээр халхавчилсан монгол “КГБ”-чүүд ухамсаргүйгээр мөрдөх, мөшгөх, тагнах, чагнах, нууц үзлэг, нууц нэгжлэг хийж монгол ах дүүс, нутаг нугын анд нөхдөө хайр найргүй  хэлмэгдүүлэхэд хүргэсэн гашуун сургамжийг үеийн үед санаж байвал зохино.

АС: Зөвлөлдөх санал асуулгын дүнгээр Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан гадаадын улс орон хэр зэрэг олон байдаг юм бол? Манай Монгол Улсыг Үндсэн хуульд ийм нэр томьёо бий юу?

“Зөвлөлдөх санал сануулга” гэдэг нь Үндсэн хуулийн эрх зүйн харилцааны практикт урьд өмнө ер гарч байгаагүй үзэгдэл буюу одоогоор монголоос өөр нэг ч улс оронд хараахан хэрэглээгүй байгаа туршилт юм. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх асуудлаар  “зөвлөлдөх санал асуулга” гэгчийг биш, Ард нийтийн санал асуулга явуулж болно гэсэн зүйл заалт л бий. Харамсалтай нь Монгол Улсын Үндсэн хуульд огт байдаггүй “зөвлөлдөх санал асуулга” гэх Үндсэн хуулийн бус нэр томьёог зохиомлоор гарган ирж, Үндсэн хуулийг өөрчилнө хэмээн дээр дооргүй үймүүлж байгаа нь ихээхэн төөрөгдөл болов уу. Төөрөлдсөн дээр нь улам төөрүүлээд байж бүр болохгүй гэдгийг ийм юм зүтгүүлээд байгаа хүмүүст хэлээд өгмөөр л байх юм. Даанч миний дуу хоолой хүрэхгүй юм даа.

Монгол Улс хатуу Үндсэн хуультай оронд тооцогдох тул Ард нийтийн санал асуулга явуулах учиртайг Монгол улсын Үндсэн хууль өөрөө хэлдэг. Хоёрдугаарт, Үндсэн хуульд гар хүрэх гээд байгаа бол Үндсэн хуулийн ямар заалтын юуг нь, яаж өөрчлөх гээд байна вэ?, тэгэх ямар бодит үндэслэл, шалтгаан байна вэ? гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Мөн нэмэлт өөрчлөлтийг хүсэж буй аливаа санал санаачилга нь хэний хүсэл сонирхол вэ, Үндсэн хуулийн ямар ямар субъектийн ашиг сонирхлыг хэрхэн хөндөх вэ? зэрэг асуудлыг шалгахдаа шинжлэх ухаанч шаардлага, маш нарийн процедур ажиллагаа, хатуу дэг журамд захирагдмал байдаг. Яагаад гэвэл Үндсэн хууль өөрөө ард түмний нийтээр хүлээн зөвшөөрсөн цорын ганц хүсэл эрмэлзэл мөн учраас тэр.

Монгол Улсын бүх иргэд, бүх нам, бүх ОНБ-га орон даяар хөдөлж бүтээсэн гайхамшигтай ажил хэрэгч хэлэлцүүлгийн үр дүн болсон 1992 оны ардчилсан Үндсэн хуульд гар хүрэх механизмыг санамсаргүй түүвэр судалгааны сонголт бүхий 2 мянга ч хүрэхгүй хүний саналын хүрээнд /"random selection" ёсоор бол ядаж уг цоохор судалгааны аргыг хэрэглэвэл Үндсэн хууль мэддэг, судалдаг, хэрэглэдэг 1.5 мянган судлаач дотор статистик онол, арга зүйдээ нийцэх байв/ зөвлөлдөж ҮХНӨ оруулах эсэхийг шийдвэрлэх тухай зааварчилгааг иргэд олон нийт ойлгох гэж аргаа барж байгаа байдлыг огт оошоохгүй байж болохгүй буюу.  

АС: ҮХНӨ-ийг хийхэд зарчим болгодог онолын эсхүл практикийн ч юм уу “критер”-шалгуур гэмээр дэлхий нийтийн тогтсон зүйл байна уу?

Дээрх хууль зүйн асуумж ба шаардлагуудаас гадна ҮХНӨ-тэй холбогдуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад заавал харгалзан үздэг онол арга зүйн маш чухал хоёр шаардлага байдгийг хэлэх нь зүйтэй байх. Нэг нь субьектив байр суурь. Нөгөө нь объектив бодит шаардлагын тухай асуудал зайлшгүй хөндөгддөг. Субьектив хандлага нь аль ч парламентад илэрч байдаг хэдий ч эцсийн дүндээ хэн нэг хүний, аль нэг дурын гишүүний хувийн санаа бодол төдий зүйл байх нь олонтоо. Тухайлбал Д.Содном, Ж.Бямбасүрэн, Ж.Гомбожав, П.Очирбат, Б.Чимид, генерал Б.Пүрэв, Акдемич Д.Цэрэнсодном, нэрт сэтгүүлч Галсангийн Жамъян, яруу найрагч Тангадын Галсан, дипломатч Л.Эрдэнэчулуун, нэрт орчуулагч Төрийн соёрхолт Ц.Гомбосүрэн, соён гэгээрүүлэгч Г.Аким, гавъяат багш хэл зүйн шинжээч Ш.Чулуунбор нарын зэрэг манай ахмад зүтгэлтнүүдийн маань эрин цаг үед хэн нэгэн эрх бүхий этгээд дур зоргоороо авирласан субьектив хандлага гаргаж өвчигнөж дөвчигнөсөн бол: “Чи яасан албан тушаалын донтой биеэ тоосон новш вэ. Хүн болоогүй байж бас хүний муу үзэх санаатай. Чам шиг тавтир муутай сопляк-аар самруулж байдаг төр засаг байдаг юм уу, наад сэтгэцээ эмчлүүл. Чи өөрийгөө биш, бусдыгаа хүндэлж сур” гээд шууд хөөж гаргаад ухамсарын шанаа өгөх нь лавтай. Засаг төрийн сахилга хариуцлага хаа хаанаа ийм л байвал зарчим, зарчмаараа үлдэнэ.

Харамсалтай нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд дулдуйдаж өөрсдийнхөө шударга бус үйлдлүүд ба хувийн ашиг сонирхолдоо идэгдсэн төрийн байгууллага, албан тушаалтан, сайд, дарга нарт үеийн үед л эрх мэдэл үргэлж дутагдаж байдаг тул тэдний дур зоргыг хязгаарласан Үндсэн хуулийг ямагт өөрчлөхийг хүсдэг нь нууц биш юм. Тухайлбал, АНУ-д 10 мянга гаруй удаа субьектив хандлагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байсан ч тэд өөрийн үнэт зүйлээ бараг хөдөлгөж байгаагүй.

АНУ Үндсэн хуульдаа цөөн тооны нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зарим төслийг 6-н сараас 3-н жил хүртэлх хугацаанд хэлэлцэж байсан ч тэр бүрийг баталж байсан түүхгүй. Япон улс хэдэн зуун жилийн түүхэндээ Үндсэн хуульдаа бараг өөрчлөлт оруулаагүй. Дөнгөж 7-н нэмэлт, нэг өөрчлөлтийг хууль тогтоогчид нь хүлээн авч байж. Энэ нь 1900-2020 он хүртэлх 120 гаруй жилийн хугацааг хамаардаг. Япон улсын өндөр хөгжсөний цаад учир нь үүнтэй шууд холбоотой хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэгдсэн нь бий.

Үндсэн хуулиас болоод “төр”, төрийн байгууллага, албан тушаалтан дур зоргоороо авирлаж чадахгүй байгаа бол уг Үндсэн хууль үүргээ сайн гүйцэтгэж байна гэсэн үг. Харин тэд Үндсэн хуулийг тээг саад болсон мэтээр авирлаж байгаа бол өөрсдийнх нь хязгааргүй их эрх мэдэлд шунасан хүсэл мөрөөдөл нь биелэгдэхгүй байгаа нь тэр бөгөөд үүнийг агуу Чезаре Беккариа “Нийгмийн удирдлагын дээд түвшинд нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах гэмт хэргүүд байрладаг. Харин доод хэсэгт ихэвчлэн хувийн явцуу эрх, эрх чөлөөг хөндсөн зөрчлүүд хөндөгддөг” гэж хожмоо “хууль зүйн классик төдийгүй, европын соёлын өв сан дахь хосгүй эрдэнэ” хэмээн сүм хийд, сургууль соёл, засаг төр, ард нийтээрээ дээдэлсэн “Гэмт хэрэг ба ялын тухай” хэмээх XVIII зууны алдарт бүтээлдээ сургасан байдаг.

Энэ бол ард түмний амар тайван байдлын баталгаа болсон Үндсэн хуульд эрх мэдэлтнүүд субьектив хандлага буюу өөрсдийн юу бодсон санаа бодлоор халдаж ер болохгүйг харуулж буй хэрэг. Шударга хуульчдын дуу хоолойг сонсохгүй улс төрийн намуудын субьектив хандлага ноёрхож давтагдаад байвал эцсийн дүндээ Монгол Улс хохирно, тухайн үед ажиллаж буй УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, яам, агентлаг бүгд эрсдэлд орох нигуртай. Хөдөлгөөн дунд нь хожно гэх сэтгэл хөдлөлөөр Үндсэн хуульд гар дүрэх увайгүй санаархлыг өөгшүүлж таван жилээ зургаан жил, дөрвөн жилийн засаглалаа найман жил болгох, 2013 он хүртэлх цаг үеийг хамаарч байсан засаглалаа 2020 он болгон уртасгах гэж байгаад нуран унаж байсан гадаад дотоодын кейсүүдийг судалгаа харуулсаар байна.

Миний хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улс төр, нийгэм, эдийн засгийн том хэргүүдтэй тэмцээд эхлэнгүүт үүнтэй нь эн зэрэгцсэн түүнээс нь ч хавьгүй хүнд хэцүү асуудал болох Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах “проблем”-ыг гадаад, дотоод талаас зохион байгуулалттай шахаж түүний эрч хүчийг тарамдуулж уруу татаж байгаа хэрэг биш буй за хэмээн хардаж байгаа.

АС: Одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад баримтлах обьектив бодит шаардлагын талаар тодруулж өгнө үү?

Объектив бодит шаардлагын тухайд бол голдуу эдийн засгийн харилцааны чиглэлд хамаарах “проблем” хөндөгддөг. Жишээ нь, Монгол Улс өр зээлэндээ баригдлаа. Шулж мөлжих, амар хялбараар мөнгөжих, хөрөнгөжих, бэлэнчлэх, мөнгө шүтэх үзэлд хэтэрхий автагдлаа. Үндэсний баялгийн сангийн хадгаламжид ҮХНӨ ёсоор бол 2019 оноос хойших 3 жил гаруйн хугацаанд иргэдийн их хэмжээний мөнгөн хуримтлал үүсчихсэн байх ёстой байсан боловч одоо дөнгөж 0.2 хувь төдий баланс тоотой яваа уул уурхайн салбарыг улсын эдийн засгийн гол түшиц хэмээн өргөмжилж,  уламжлалт хөдөө аж ахуйн салбараа орхигдуулж, түүний бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлж, уул уурхайгаас орж ирж буй ашиг орлого эх орны аж үйлдвэр, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд өөрийн гэсэн хувь нэмэр болох нь байтугай улсын төсвийн алдагдлыг нөхөх, хааяа нэг халамжийн мөнгө тараах төдий хэрэгсэл  болгон ашиглагдахаас цаашгүй байна.

Гэтэл уул уурхай эцсийн эцэст энд тэндгүй ухсан нүх, овоолсон шороо, хатсан булаг шанд, хоцрогдсон техник үлдээдэг зүйл. Одоо яах вэ? Ийм асуудлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол объектив бодит шалтгаан гэж үзнэ. Бас мөнгө хүүлэгчид, хулгайчид, тонуулчид, луйварчид, янз бүрийн хуйвалдаан зохион байгуулагчид хүн амын ихэнхийг бүлэглэн мөлжиж иргэд олон нийтийг ядууруулж байгааг өөрчилье гэж байгаа бол уг асуудал нь өөрөө нийгмийнх ч гэлээ Үндсэн хуульд өөрчлөлт хийх объектив бодит шалтгаан болох жишээтэй. Гэхдээ Үндсэн хуулийн яг ямар заалтыг яаж, хэрхэн өөрчлөх вэ? гэдэг үндэслэл ба зайлшгүй шаардлагуудыг тодорхой гаргаж тавих хэрэгтэй. Тухайлбал уул уурхайгаар явах уу?, уламжлалт хөдөө аж ахуй-мал аж ахуйгаа хөгжлийн гол концепци болгох уу? гэдэг ч юм уу.  Манай Үндсэн хуулийн Ард нийтийн санал асуулга хэмээх зүйл заалт өөрөө ийм л утга агууллагад зангидагддаг.  

АС: Засгийн газар өөрчлөгдөх бүрийд бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь энэ гээд шударгаар ажиллаж байгаа олон мянган төрийн албан хаагчийг хоолноос нь салгаж тэдний гэр бүл, үр хүүхдүүдийг нь давхар хохироодог шүү дээ. Харин энэ удаагийн тогтолцооны өөрчлөлт гэдэг чинь нэг парламент, хоёр парламент, ерөнхийлөгчийн тухай асуудал ярьж байгаад энэ олон сугардаггүй ихэс дээдсийг суга татаж хаях сайхан боломж юм биш үү? Түүх сөхвөл ямар байдаг юм бол?

Байгалийн баялгийн хулгайтай тэмцэх гэхээр одоогийн төрийн байгууламжийн хэлбэр нь саад болоод болохгүй байгаа юм бол УИХ-аа хоёр танхимтай болгох уу?, Нэг танхимтай хэвээр байлгах уу? эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу? Эсхүл цоо шинэ Үндсэн хууль боловсруулж хуримтлагдан буй болсон асуудлаа шийдвэрлэх үү? энэ парламентад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тийм ёс суртахууны эрх бий юу? эсхүл шинээр сонгогдсон парламент нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх үү?  Аль нь зөв, аль нь буруу вэ? гэх проблемуудын хүрээнд ард нийтийн санал асуулга явуулах кейс бол олон оронд байдаг л зүйл. Үнэхээрийн объектив бодит шалтгаан байгаа гэж үзвэл Үндсэн хуульд гар хүрвэл хүрсэн шиг хүрэх хэрэгтэй. Үгүй гэвэл хоёрын хооронд косметик засал засвараар бие биенээ байн байн хуурч тоглоод байхын оронд Ардчилсан Үндсэн хуулиа шүтэж аж төрөх ёстой буюу.

Одоохондоо объектив бодит шалтгаан Үндсэн хууль судлаач мань мэтэд бол төдийлөн харагдахгүй байгаа ч Монгол Улсад ДНБ-ээс их хулгай, тонуул хийгддэг, улсын төсвөөс их авлигалын асуудалтай, тэрчлэн 1921 оны үеийнх шиг өр зээлэндээ баригдчихаад байгаа нь үнэн бол үүний цаад учир шалтгааныг нь тодорхой болгох хэрэгтэй. Энэ нь УИХ-аас болж байна уу, Засгийн газраас уу, Авлигачдаас уу, Хулгайчдаас уу, Гадаадын түрэмгийлэгчдээс үү, Тэнүүлчид тонуулчдаас уу гэх мэт.  Иймэрхүү үр дагавар шинжлэгдвэл үүнийг объектив бодит шалтгаан гэж үзэж болох талтай. Тийм биш бол утга учиргүйгээр, 2 жил болоод л хутга барьчхаад хонь төхөөрөх гэж байгаа хүн шиг Үндсэн хууль руугаа байн байн уулгалан дайрч довтлоод байж таарахгүй. Үндсэн хууль өөрийгөө оролдсон хүнд нэг л өдөр хариугаа барьдаг гэдэг. Энэ бол түүхэн үнэн.

Бидний өөрсдийн аливаа гаж буруу үйлдэл, эс үйлдэхүйн сүүдэр дор дэлхийн 2-р дайны төгсгөл хүртэл монголчуудын тусгаар тогтнолыг биднээс өөр хэн ч хүлээн зөвшөөрөөгүй. Монголчуудын дотоод дахь хэрүүл маргаан, тэмцэл зөрчилдөөн, “улс” болж тоглож чаддаггүй зэрэг хоцрогдол төөрөгдөл, тэнэг мулгуу зан авирын олон хүчин зүйлээс хамаарч бусад улс оронд тоогдохгүй байсан ужиг эмгэгт дүгнэлт хийж урагшаа хол харах гэж оролдоход оройтох юу байхав. Товчдоо бол 1911 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш 35 жилийн дараа сая нэг юм 1946 онд эхлээд хятадын ДИУ, дараа нь ЗХУ, дараа нь БНХАУ, тэдний араас социалист бусад орнууд БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч ЭСЯ-аа байгуулж, элчин сайдаа томилцгоосон шүү дээ. Үүнээс өмнө 2 хөрш маань бидний бие биендээ дайсагнадаг дотоодын зөрчил тэмцэл дээр тоглон монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн нэгэн илрэл болгож “полномочный представитель” буюу Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилон, монголчуудын өөрсдийнх нь гараар өөрсдийг нь “хар феодал”, “шар феодал”, “хувсгалийн эсэргүү”, “цэргийн гэмт хэрэгтэн” гэх мэтээр цээрлүүлсэн нь түүхэн үнэн буюу.

Харин өвөг дээдэс маань монголчуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө олон жил тэмцэж, алтан амь биеээ олноор өргөж байж өнөөдрийн та бидний эрх чөлөө, аз жаргалыг авчирч дээ. Өрөвдөлтэй нь ардчилсан нийгмийн энэ эрин үед хүртэл аль хэдүйн хэрэглээнээс хасагдчихсан СССР дэглэм ба 1924, 1940 оны Үндсэн хуулиас угшилтай “БЭТ” хэмээх нэр томьёог бүр Монгол банк, УИХ, ЗГ-ын түвшинд хувийн өмчит ХК дээр хүртэл ахин дахин хэрэглэсээр байгаа нь арай даанч. Хэлэх ч үг олдохгүй юм.

АС: Төрийн ордонд ҮХНӨ, “тогтолцооны өөрчлөлт” гэсэн битүү утгатай яах гээд байгаа нь төдийлөн тодорхойгүй хэд хэдэн хэлэлцүүлэг хийлээ. Зөндөө ч маргаан мэтгэлцээн боллоо. Энэ үйл явцыг тойруулаад байлгүй онол практик талаас нь хэн ч уншсан ойлгохоор тайлбарлаад өгнө үү?

Харин тийм дээ. "Бүтцийн өөрчлөлт" гэдэг тоглоомоо одоо "тогтолцоо"-ны гэдэг болчихлоо. Тэмдэг нэр нь тодорхойгүй "тогтолцооны өөрчлөлт" гэх аль ч хэл дээр үл хөрвүүлэгдэх бодлогогүй битүү хатуу энэ үг цаанаа их сөрөг нигууртай л баймаар юм. Энэ үгийг дагаж давхиад буй төр засаг, радио телевизийнхнийг би бүр ойлгохгүй байгаа.

Ер нь бол Үндсэн хуулийг хөндөх замаар төрийн байгууламжийн тогтолцоог өөрчлөхөд чиглэгдсэн янз бүрийн мэргэн сэцэн санаа оноо ч юм уу, хутган үймүүлж байгаа нь ч тэр юм уу зөндөө л юм яригдаад байх юм. Тухайлбал ард түмний төлөөлөл бүхий хоёр парламентын тогтолцоог бий болгох нь зөв бөгөөд тэр нь жилд 1-2 удаа хуралдаж асуудлаа шийдвэрлэх. Их танхим бүхий парламентаасаа хууль тогтоох маягийн мэргэжлийн бага танхим буюу “Бага Хурал”-ыг гаргая, Ерөнхийлөгч болон хяналт шалгалтын онцгой эрхтэй институцийг ч түүнээсээ сонгох тухай асуудлыг анхны Үндсэн хууль тогтоогчдын холбоо тэргүүтэй олон судлаачид тайлбарлаад байгаа. Нөгөө талаас УИХ-ын гишүүн Т.Доржханд, бас бус намын дарга нар, тухайлбал Б.Жаргалсайхан  нар тэргүүтэй хэд хэдэн нам, бүлгүүд сэвж байгаа нь ч тэр юм уу, савж байгаа нь ч тэр юм уу хөндлөнгөөс залуучуудын цөсийг элдвээр хөөрөгдөж, 76 гишүүний тоог 150 болгоод ард түмнээс сонгогдож болохгүй байгаа энэ механизмыг намынхаа квотоор гишүүн болох хүнийг шалгаруулаад  бүгдээрээ УИХ-д орж суух хүсэл мөрөөдлөө биелүүлэн амар сайхандаа жаргая гэх субьектив хандлагыг зогсоо чөлөөгүй сурталчилсаар байгааг хүн болгон мэдэхээр боллоо.

АС: Хоёр парламент л гэнэ, нэг парламент л гэнэ, унитар улс л гэнэ, зөндөө л юм яригдаад байх юм. Энэ тухайд тайлбар өгнө үү?

Түүхэн талаасаа бол Олноо өргөгдсөн Монгол улсын үед хоёр Хурал байлаа. БНМАУ-ын үед бас л хоёр танхимтай Хурал буюу парламент байсан. Ардчиллын эхэн үед ч гэсэн Ардын Их Хурлаас үүсмэл хууль тогтоох Улсын Бага Хурал ажиллаж байлаа /2 парламенттай гэсэн үг/. Энэ бодит үнэнийг  сүүлийн үед гэнэтхэн л гуйвуулж мэдэмхийрэгчид тун их олширч. “Хоёр парламент бол холбооны федератив улсынх” ч гэх шиг. Тийм юм бол байхгүй. Хүн төрөлхтний түүхэн чухал нэг ололтыг “Монгол бол унитар улс учраас холбооны улсын жишгээр хоёр парламенттай байж болохгүй” гэх мэтээр мэдэмхийрч бурхангүй газар “бомба” галзуурна гэдэг шиг элийрч балайрцгааж байгаа. Үнэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах объектив бодит шалтгаан нь төрийн тогтолцоотой холбогдож, улмаар Үндсэн хуульд гар хүрэх гээд байгаа юм бол өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй. Үгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийг хүндэтгэж, түүнд нийцэж зохицож ажиллах нь зүйн хэрэг.

Тэгээд ч иргэд нийтэд аль нь шударга удирдлагын тогтолцоо вэ? Аль нь шударга нийгмийн харилцаа  вэ ? гэдэг нь сонин байдаг болохоос Парламенттай юу? Ерөнхийлөгчтэй юу? Хаантантай юу? гэдэгт тэд сэтгэл зовдоггүй болох нь Ази, Африк, Арабын ертөнц, Латин Америк дахь бие даасан улс үндэстнүүдийн төрийн байгууламжийн олон янз хэлбэр харуулсаар байна.

АС: ҮХНӨ, “зөвлөлдөх санал асуулга” гэгчийн чимээ шуугианаар парламентын засаглал сайхан, ерөнхийлөгчийн засаглал муухай гээд хэлэлцүүлэг бүрд, бас телевизийн нэвтрүүлэг болгон дээр маргалддаг болчихлоо. Ер нь дэлхийн хандлага нь ямар байдаг юм бол?

Хий хоосон мэдэмхийрцгээж л байхгүй юу. Энэ талаар маргалдаж мэтгэлцээд муудаж сайдаад байх сүртэй юм үгүй дээ. Баруунуухны улс төрийн өнцөгөөс харвал засаглалын хэлбэрийг ардчилсан сонгуульт төлөөлөгчдийн байгууллага хэрэгжүүлж байвал БНУ гэдэг ч ази талд бас арай өөр тайлбар байдагийг судлах хэрэгтэй л юм. Гэхдээ ард түмнээс сонгогддог парламентын ба ерөнхийлөгчийн гэсэн БНУ-ын 2 үндсэн төлөөлөлийн аль аль нь социализм, капитализм гэдэг шиг зарчмын том ялгаатай асуудал биш. Дээрхи 2 засаглал дотроо хэд хэдэн төрөл хэлбэртэй ч тухайн улс үндэстний түүхэн хэв маяг, газар зүйн байршил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын онцлог зэргээс хамаарч өөр хоорондоо удирдлага зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүний хувьд ялимгүй зааг ялгаа байхыг үгүйсгэхгүй. Манайхны туйлшруулаад нэгийг нь хэтийдтэл магтан дуулж, нөгөөг нь байдаг чадлаараа үгүйсгэж “парламент нь хөөрхөн”, “сонгодог парламент нь бүр хөөрхөн”, “ерөнхийлөгчийн засаг нь муухай” гэсэн юм огт байхгүй.

Үнэндээ бол дэлхий дээрх тусгаар тогтносон улс орнуудын 70 гаруй хувь нь ерөнхийлөгчийн засаглал, ерөнхийлөгчийн институцэд багтдаг. Сонгодог парламент гэж мэддэггүй юм аа мэддэг юм шиг “дэмийрэх”-дээ хүрвэл тэр ухагдахууны цаад талд сайн тоолбол 5-7 улс орон л байж магадгүй. Минийхээр бол Монгол шиг хөгжиж буй ядуу буурай хоцрогдсон улс хэзээ ч сонгодог парламенттай байж чадахгүй. Тийм түүхэн боломж манай үндэстэнд угаас заяагаагүй зүйлийн нэг. Олон ч бай цөөн ч бай гишүүдтэй  УИХ маягийн нэг парламентын систем монголд таарч тохироогүй гэдгийг 1992 оноос хойших үе үеийн цөөнгүй гишүүд, дарга сайд нар хэрэг төвөгт хутгалдан орооцолдож буй олон кейсүүд баталж нотлоод өглөө. Цаашдаа ийм хэлбэрийн парламенттай байх уу, үгүй юу гэдэг бол бараг маргаангүй хэрэг.  

Ер нь бол парламент гэдэг нь эрээвэр хураавар “нөхөд”-өөс бүрддэг болох нь бараг зүй тогтол. Түүнд нэр төр, эрдэм ном, итгэл үнэмшил, алдар хүндийн эзэд сонгогдохын зэрэгцээ манай хуулийн цоорхойг ашиглан гэмт хэргээс мултрах “халдашгүй хамгаалалт” амь тэмцэн эрж хайж яваа банк, санхүү зээлийн мэргэшсэн тонуулч хулгайчид, мөнгө угаагчид, албан тушаал, авлига хээл хахуульд идэгдсэн золбин этгээдүүд шургалан орж ирсээр байдгийг судлаачид ер үгүйсгэдэггүй. Энэ бол парламентын давуу болон сул тал нь юм. Үүнийг манай үе үеийн УИХ бишгүйдээ нэг нотолж баталсан даа. Парламент товчдоо ийм л тогтолцоо.

АС: Энэхүү ҮХНӨ, “зөвлөлдөх санал асуулга” хэмээх өргөн хэлэлцүүлэг биднийг олон юмны учрыг олохыг зүй ёсоор шаардаж байна. Монгол Улс түүхэндээ “унитар”, “автономи”, “федератив” зэрэг янз бүрийн тогтолцоо дамжсаныг хэн ч үгүйсгэхгүй байх. Энэ гурвын аль нэгийг Монгол Улс заавал сонгох ёстой юм уу? Аль нь хамгийн сайн нь юм бэ?

Хуваагдмал бус улс хэмээн өөрсдийгөө тодорхойлж бусад улсаар хүлээн зөвшөөрүүлж чадсан дэлхийн загвар унитари бол БНХАУ. Түүний араас Бангладеш, Тайланд, Европоос бол Франц, Румын зэрэг цөөн улсыг нэрлэж болох юм. Монгол бол “унитари” хэлбэрийн зүгээр л нэг дуураймал хэв маяг. “Унитар улс тийм байх ёстой, ийм байх ёстой” гэх үгийг амны зугаа болгогчид үнэндээ цаад утга учрыг нь ер ухаардаггүй, өөрийнхөө муйхарлалыг хэрэгжүүлэх зэвсэг төдийд уг нэр томьёог ухамсаргүйгээр ашиглах нь олон юман дээр ажиглагддаг.

Зүй нь Монголчууд бид нар энэ Монгол Улс үндэстэн, газар нутагтаа тохирсон тийм л өөрийн гэсэн оршин тогтнох арга, уламжлалт хэв загвараа улам төгөлдөржүүлсэн Үндсэн хуульт шударга ариун төрийн байгууламжийн  тогтолцоо бүрдүүлж, түүнийгээ нандигнан хадгалж, хамгаалж сурах нь л гол чухал зүйл болохоос заавал парламенттай, эсхүл 2 парламенттай, эсвэл “унитари” (лат.unitas), “автономи” (грек.autonomia), “федератив” (лат.federatio) гэж цэц булаалдах нь сонин биш. Үнэндээ бидний ухамсаргүйгээр магтан дуулдаг парламентын засаг гэдэг нь дэлхийн 2-р дайнаас хойших 60 гаруй жилийн туршид дагнан хийсэн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн судалгаагаар хугацаанаасаа өмнө тараагүй, татан буугдаагүй тийм парламент гарын таван хуруунд багтана.

Бусад нь бүгд хугацаанаасаа өмнө тарж, татан буугдаж байсан үүх түүхтэй. Ингэж байж парламент өөрөө өөрийгөө эрүүлжүүлдэг. Ингэж байж төр засаг бүхэлдээ цэвэршдэг, ингэж байж нүүрс хулгайлдаггүй, цемент, тоосго, байшин барилгыг матар шиг залгичихдаггүй, улсаа уут уут мөнгөөр худалддаггүй, газар нутгаа өр зээлд тавьдаггүй болдог байна. Чухам иймээс нийтийн ашиг сонирхолд үйлчлэх нь бүү хэл Үндсэн хуулийнхаа үзэл санааны эсрэг элдэв үйлдэл, эс үйлдэхүй гаргагчид, хэрэг төвөгт орооцолдогчидыг үтэр түргэн тараах, татан буулгах, огцрох, огцруулах явдал бол орчин үеийн улс төрийн харилцаанд зүгээр л тогтсон соёл мөн. Засгийн газар огцрох, түүнийг огцруулах асуудлын цаад хууль зүйн шалгуур нь ч адил. Манайх шиг төр тогтвортой байх ёстой гээд парламентаа бугшуулж гэм зэмийн үүр уурхай болгодоггүй.

УИХ, ЗГ-ын гишүүд, засаг дарга, нийтийн албаны эрх мэдэл (цагдаа, тагнуул, шорон, шийдвэр гүйцэтгэх албад зэрэг мөрдөн шалгах бүх байгууллагууд тэрчлэн улсын байцаагчид г.м) бүхий албан тушаалтнуудад тавигдах критер-шалгуур нь бодит байдал дээр дээрх лугаа адил тов тодорхой  байхад  бидний үеэ өнгөрөөсөн улс төрийн сэтгэлгээний доройтол маань шударга ёс, шинэ хандлага, шинэ үзэл бодлыг үгүйсгэж, үл бүтэх этгээдүүдийг ил далд улаан цайм өөгшүүлэн эцсийн эцэст Үндсэн хууль, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг тэдний хөлийн уланд гишгэлүүлж байгаа нь Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн эзэн субъект буюу иргэд, олон нийтийг доромжилж байгаатай агаар нэгэн зүйл болно. Товчхондоо үл бүтэх этгээдүүд нийтийн албанд нэг хоног ч ажиллах ёсгүй бөгөөд тэд огцорч, бас тарж байх нь соёлт хүн төрөлхтний эртнээс нааш (бүр тодруулбал анхны Үндсэн хуульт байгууламжид шилжсэн 1787 оноос хойших) мөрдсөөр байгаа хэв хууль мөн болно.

АС: Монгол Улсын Үндсэн хуулийн амин чухал зүйл нь юу юм бэ гэдгийг хэлж өгнө үү?

Үндсэн хууль нь өргөн утгаараа бол иргэд олон түмний язгуур хүсэл эрмэлзлэл болсон монголын ард түмний амар тайван байдлын баталгаа, шударга ёсны дээд үнэлэмж мөн. Монголын ард түмэнд үүнээс чухал үнэт зүйл гэж байхгүй. Гавъяат хуульч Б.Чимид багшийн маань хэлсэнчлэн та бидний эх орон, амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө энэ алгын чинээ хуулинд багтдаг. Явцуу утгаараа бол Үндсэн хууль нь УИХ ба Засгийн газар өөрсдөө өдөр тутам хэрэглэж байдаг суурь хууль юм. Цаг үргэлж хэрэглэж бусад хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг зөвхөн түүнд нийцүүлж байх үүрэгтэй УИХ-ын гишүүд маань Үндсэн хуулиа “өөрчилнө” гэж уриалан дуудах, түүнийг дагаж мөрдөхийн оронд Үндсэн хуулийн үзэл санааны  эсрэг янз бүрийн үйлдэл, эс үйлдэхүй гаргах, Үндсэн хуулийг хөгжлийн хөтөлбөр мэт гуйвуулах зэрэг эрүүл бус популизмын эсрэг тууштай зогсож, Үндсэн хуульд үл нийцсэн аливаа хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийг шууд таслан зогсоож байхад парламентад ёсны хууль зүйн гол утга агуулга оршдог. Манайд санаатай юмуу, санамсаргүй юмуу мэдэхгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн энэ онол, арга зүйн эсрэг гэмээр ухамсаргүй үйлдэл, эс үйлдэхүй олон жил давтагдаж байна даа. 

АС: Үндсэн хууль, ҮХНӨ, төрийн байгууламжийн тогтолцоо хөндөн ярьж байхад түүхийн “проблем” хүссэн хүсээгүй босож ирдэг нь ойлгомжтой байна. Хоёр жил ч бололгүй төр түмэн, Үндсэн хуулиараа байн байн оролдоод байгаа энэ нөхцөл байдалд бид түүхэн талаасаа юуг илүү анхаарах ёстой вэ?

Манай улсын шинэ үеийн түүхийг орос ах нар эвлүүлж өгсөн гэвэл та худал л гэх байхдаа. Аливаа юм үнэнээс холдох тусам, түүхийг гуйвуулах бүрт шударга ёс алдагдаж тэр улс үндэстэн ойд төөрсөн сармагчин болдог гэдэг үг бий.

Түүх бол үлгэр домог биш. Түүх гэдэг бол өнгөрсөн үеийн ололт ба ухралтыг нэгтгэн дүгнэсэн сургамж төдий зүйл ч биш, эсэргээрээ улс орныхоо, ураг удмынхаа ирээдүйн төлөв байдлын алс хэтийг урагшаа хол харж зөв зүг чигээ олж авахад тусалдаг оньсон түлхүүр юм. Түүхийг уншиж судалдаггүй хүн утга зохиол, уран сайхны киногоор түүнийг хийсвэрлэн төсөөлөх нь элбэг. Энэ нь ялангуяа улс төрчдийг болчимгүй үгээр наадаж үнэнээс холдсон шийдвэр гаргахын үндсийн үндэс болж, төрийн бодлогын ноцтой алдаанд хүргэх нь бий.

Нэгэн сайхан цаг үед эзэнт гүрэн буюу импери байсан Монгол яагаад бага буурай үндэстний тоонд ортлоо доройтсон бэ? гэх нэлээдгүй шалтгаануудын дотор Үндсэн хуульд холбогдох нэг чухал зүйл нь шударга зарчим, эх оронч сэтгэл зүрх, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэх явдал зүй ёсоор орно. Энэ үнэт зүйл маань улам бүр гуйвуулагдаж байгаад хэн хүнгүй дүгнэлт хийж байвал зохино. Хамгийн шударга байх ёстой ноёд, дарга даамлуудын хамгийн шударга бус үйлдэл, ханаж цаддаггүй шунал, дарлал мөлжлөг, мөнгө хүүлийн эсрэг нэг хэсэг нь сөрөн тэмцэх гэж, нөгөө хэсэг нь тэднийгээ ухамсаргүйгээр аялдан дагалдаж эцсийн эцэст бүгдээрээ ядуурлын туйлд автагдсанаас үнэнд гүйцэгдэж дотроо задрал бутрал, мөхөл доройтлын ирмэгт тулан ирсэн түүх сүүлийн зуу гаруй жилд дор хаяхад гурван ч удаа давтагджээ.

Иймэрхүү түүхэн гашуун сургамжийг төр засаг, сургууль соёл, эрдэм ном, сүм хийд булт бүгдээрээ ард иргэдэд үнэн мөнөөр нь хэлж ойлгуулж монгол хүн бүрийг өөрийгөө, өрх гэрээ, улс орноо авч явах эх оронч арга ухаантай болгон хүмүүжүүлэхийн оронд “монгол хүн хэнд ч дийлдэж байгаагүй, тэр тусмаа хятад, орос хоёрт хэзээ ч бууж өгч байгаагүй. Манж гэдэг нь манайх ч юм шиг, хүнийх ч юм шиг, бараг ураг төрөл ч юм шиг. Түүний хамгийн хэрцгий дарлал мөлжлөг дор 300 гаруй жил зовж зүдрээгүй юм шиг элийрсэн гүн төөрөгдлийг ойлгоход нэн бэрх. “Манж байхад монголоор яахав, манжин байхад махаар яахав” гэх ноёд баядын бялдуучлал дор нэг лан зоос нь 4-5 хонинд тооцогдох мөнгийг жилд дунджаар хоёр мянгаар нь өвөртөлдөг хэргэм зэрэгтнүүд монголчуудыг олон зуун жил харгислан залхаан цээрлүүлсэн хятадын Чин импери (хэл нь, түүх соёл нь, бичиг нь,  бас олон улсын харилцаа нь хятад хэл дээр явагдаж ирсэн түүхтэй)-ийн Кян Сай хаантны нэрийг монголчилон бялдуучилж  “Амгалан төр”-ийн “Энх-Амгалан хаан” хэмээн өргөмжилж ч байх шиг юу эсийг хэлэхэв дээ. Гэтэл Кян Сай хаан өөрийн саяхны гэмээр дурдатгалдаа "монголын ноёд баяд шиг ханаж чаддаггүй гайхалтай шуналтангуудтай тийм ч олон тааралдаагүй. Юу ч өгсөн нэг л мэдэхэд байхгүй болгочихдог тийм сонин хүмүүс" гэж харамсан тэмдэглэсэнтэй Японы Кимура Аяокогоос эхлээд манай ноёд баядыг "шимигч хорхой"-той зүйрлэдэг нэлээдгүй судлаачид "баяжиж хөлжихдөө хүрвэл бизнесүүд баяждаг. Гэтэл Монголд улс төрчид нь гэнэт баян болчхоод байгаа нь дэлхийд урьд өмнө огт ажиглагдаж байгаагүй үзэгдэл" хэмээн гайхширч байгаа байдал яваандаа биднийг ханаж чаддаггүй шуналтан гэдгээр нь хавчин гадуурхаж "хар жагсаалт"-ын улсад багтаах явдал холгүй болсныг анхаарахгүй байж огт болохгүй.  Ингээд цаашаа орчин үеийн хувьсгалт худал домгууд үргэлжилнэ. Энэ бүгдийг түр орхиж таны асуултад хариулахыг хичээе.

XV-XIX зууны монголчууд хаан ширээ, тамга тэмдгийн төлөө утга учиргүй тэмцэлд бие биенээ хурцалж өөр хоорондоо муудалцаж яс угшлаараа задарч бутарсан талцал хуваагдал (тийм монгол, ийм монгол гээд цааш тоолоход 20 гаргаад тоог нь алддаг), эмх замбараагүйтлийг үл ойшоосон хавтгайрсан баяр наадам, дуу хуур, зугаа цэнгэл, бие бие рүүгээ уулгалан довтолсон танхайрал, хэрүүл маргаан, атаархал, хорсол зэвүүцэл, адуу мал, аймаг хошууны газар нутаг булаацалдсан ханлигууд буюу хан хөвгүүдийн тэмцэл зөрчил нь хөрш орнуудын сахилга дэг журамтай ард иргэдэд муу үлгэр дуурайлал үзүүлж, тэдний шударга, хүчирхэг удирдагч нарыг залхааж, дургүйг нь зөндөө хүргэж байсан учраас монголын хүн амыг газар нутагтай нь ээлж дараалан эрршээлдээ оруулан эзэлж авсан нь гашуун боловч үнэн.

Өдгөө цагт мөн л иргэдээ олигтой ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахгүй, улсын эдийн засгийн өсөлт хөгжилтийн гол шалгуур болсон аж үйлдвэр, бүтээн байгуулалт хийхгүй болохоор ажилгүй хүмүүс энд тэндгүй хөлхөж элдвээр сахилгагүйтэж, болох болохгүй бүхнээр саваагүйтдэг. Улс төрчид нь сонгуульд ялсан ялаагүйгээрээ бие биенээ бүлэглэн хавчин гадуурхахын зэрэгцээ  /үнэн хэрэгтээ бол уул уурхайн лиценц төдий зүйлийг булаацалдах, төрийн албанаас шахан зайлуулах хэмжээнд/ ядарч яваа нэгнийхээ гэр бүл, үр хүүхдүүдийг нь хүртэл үзэн ядаж, авлига хээл хахуулийн индексээр дэлхийд 116-р байранд жагсаж хөрш зэргэлдээ улсуудын шударга иргэдийг уруу татаж өөрийнхөө улсын тогтолцоо, эрхэм дээд оршихуй болсон Үндсэн хууль руугаа байн байн нулимлаж буй бодит нөхцөл байдалдаа зөв зүйтэй дүгнэлт хийж өнгөрсөн үеийн түүхээ, бас одоогоо харьцуулан судалж шударга, зарчимч, шинжлэх ухаанч байхад хүн бүр хичээх цаг нь болжээ. Түүх давтагддаг гэдэг. Давтагдсаар ч байгааг анхаарахгүй байж болохгүй буюу.

Та бидний аж төрж буй энэ орчин цаг үед дэлхий ертөнц нэг даяаршиж, нэг дангаарчилж маш хурдацтай өөрчлөгдөж байна. Бас түгшүүртэй, энд тэндгүй зөрчил тэмцэл, дайн байлдаантай байгаа билээ. Хүмүүс хаана ямар нийгэмд аж төрж байгаа нь одоо хэнд ч сонин биш болсныг огт анзаарахгүй байхын аргагүй. АНУ, Франц, Герман, ОХУ, БНСУ, Япон, БНХАУ-ын иргэдийн хэнээс нь ч асуусан ямар нийгэмд амьдарч байгаагаа философийн хувьд яг таг мэдэхгүй. Харин ямар улсын иргэн гэдгээ л сайн мэддэг гэсэн судалгааны дүгнэлт хэвлэгджээ.

Энэ бүгдээс үзвэл бид эх орондоо дэгтэй, журамтай, авлига хээл хахуульгүй, хулгай худалгүй, дээрэм тонуулгүй, ёсон бус элдэв дээдийн танхайралгүй шударга хөдөлмөрлөж байж л алхам алхмаар урагшилна. Зүй нь бид нар энэ Монгол Улс үндэстэн, газар нутагтаа тохирсон тийм л өөрийн гэсэн оршин тогтнох арга, уламжлалт хэв загвараа улам төгөлдөржүүлсэн Үндсэн хуульт шударга ариун төрийн байгууламжийн  тогтолцоо бүрдүүлж, түүнийгээ хадгалж хамгаалж сурах нь  хамгийн хамгаас чухал буюу.  

Энэхүү ярилцлагынхаа дүгнэлт болгож зарим нэг эрдэмтэн мэргэдийн афоризм үгийг эшэлье. Иргэний нийгмийн харьцангуй төгөлдөржсөн хэлбэр Гегельд л байдаг. Тэрээр "эрх чөлөө бол ухамсарласан сахилга хариуцлага, дэг журам" гэж үзсэн бол Оксфорд их сургуулийн профессор Самуэл Хантингтон олон улсын харилцааны онол хандлага /2018 он/ бүтээлдээ "эрх чөлөөгүй дэг журам байж болох ч, дэг журамгүй эрх чөлөө /ардчилал/ байж болохгүй" хэмээн тодорхойлсон байна. Тэрчлэн эртний Ром улс олон зуун жил хүчирхэг хэвээр оршин тогтноход нөлөөлсөн гол хүчин зүйлийг судлаачид шударга журмыг эрхэмлэсэн хууль тогтоомж, цэцэн цэлмэг шүүчидтэй нь холбон үздэг. Энэ бол Монгол улсын иргэд өөртөө үйлчлүүлэх учиртай төр засгийг эртний Ром шиг шударга хүмүүсийн төлөөллөөр байгуулж сурах хэрэгтэй, тийм ч болгох ёстой гэсэн түүхэн сургамж бөлгөө. 

Эх сурвалж: Өдрийн сонин
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“Хуульчийн про боно өдөр-2024” өдөрлөг болно
18 цаг 38 мин
2024 ОНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
19 цаг 11 мин
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН АРДЧИЛСАН ЭРХ ЗҮЙТ ЁСНЫ ШИНЭТГЭЛ
Өчигдөр 11 цаг 38 мин
"АРИЛЖАА ЭРХЛЭГЧ/БИЗНЕС ЭРХЛЭГЧ/-ИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН УЛАМЖЛАЛ, РЕЦЕПЦ, ШИНЭЧЛЭЛ"
Өчигдөр 10 цаг 37 мин
ХУУЛЬЧДЫН ФОРУМ-ДЕФАКТО ЯРИЛЦЛАГА
Өчигдөр 10 цаг 29 мин
ШИНЭ ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
Өчигдөр 10 цаг 17 мин
“УИХ-ЫН СОНГУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 19 цаг 53 мин
"ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА" СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛНО
Уржигдар 15 цаг 46 мин
"ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ ДЭХ АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ: ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ТУСГАЙ АНГИЙН ШИНЭЧЛЭЛ" ИЛТГЭЛ
Уржигдар 10 цаг 46 мин
ҮНДЭСНИЙ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООНЫ АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ" ИЛТГЭЛ
Уржигдар 10 цаг 38 мин
"Хууль зүйн боловсрол судлалын тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна
2024-04-22 14:57
"БАГШИЙН ХӨГЖИЛ-БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2024-04-22 14:34
“ТЕХНОЛОГИ БА ШУДАРГА ЁСНЫ ХҮРТЭЭМЖ” ИЛТГЭЛ
2024-04-22 14:23
ХУУЛЬЧИД ҮНДЭСНИЙ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООНЫ АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2024-04-19 18:45
"ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2024"-ЫН ХӨТӨЛБӨР
2024-04-17 11:50
“MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ АВАРГА ТОДОРЛОО
2024-04-15 17:25
“MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН МАРГААШ ЭХЭЛНЭ
2024-04-12 18:48
"ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ (AI) ХЭРЭГЛЭЭ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-04-11 17:18
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-04-11 16:45
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛНО
2024-04-11 12:12