Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
АНУ-ЫГ ЗОРЬСОН “ЗОРИМОГ” ТЭМДЭГЛЭЛ

Хэн нэгэн ямарваа нэг зорилго, шалтгааны улмаас гадаад улс, далайн чанадыг зорьсоор ирсэн. Миний хувьд богино хугацааны, эрчим өндөртэй, улсаа төлөөлсөн мэргэжилтнүүдээс бүрдсэн хөтөлбөрт зардал мөнгөнд санаа зовохгүйгээр хамрагдаж чадсан юм. Хуульчийн ажлын онцлог болох сургалт, судалгаа, шүүх хурал, багшлах зэргээсээ түр чөлөө аван амсхийх, ахин нэг өөрийгөө сэдэлжүүлэх (update), зорилгоо томоор тодорхойлох, бусдаас суралцах гээд алтан боломжийг атгав. Залуу хүний хувьд сурсан мэдсэнээ бусадтай харам үгүй хуваалцаж, зорьсноо итгэл төгс гүйцэлдүүлэх итгэлийг олж авсны үндсэн дээр энэхүү тэмдэглэлээ “зоримог” тэмдэглэл хэмээн нэрийдлээ.



АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг International Visiting Leadership Program хөтөлбөрт хамрагдах аз завшаан тохиов. Анх зорихдоо мянга сонсохоор нэг үз хэмээх бодол тээвч, хэргээ бүтээгээд ирэхийн цагт “мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлнэ” хэмээх мэргэн үгийн утгыг ухаж ойлгосон мэт сэтгэгдэл төрнө.

Миний хамрагдсан Investigating and Prosecuting Human Rights Violation буюу “Хүний Эрхийн Зөрчлийг эрэн сурвалжлах, мөрдөн шалгах нь” сэдэвт хөтөлбөрт 22 улсын 22 оролцогч чуулсан байв. Үүнд: Африк тивээс Ангол, Өмнөд Африк, Эритрей, Гамбиа, Уганда, Малави, Марокко, Европ тивээс Литва, Серби, Беларусь, Украин, Нидерланд, Өмнөд Америкаас Бразил, Ямайкаа, Хондурас, Ази тивийн төлөөлөл болох Энэтхэг, Лебан, Шри Ланк, Непал, Узбекистан, Япон, Монгол улс. Ажлын хувьд шүүгч, прокурор, их сургуулийн багш, цагдаа, хүний эрхийн комисс, хуулийн мэргэжилтэн, иргэний нийгмийн идэвхтэн, лидерүүд багтаж байлаа. Миний хувьд дээрх оролцогчдоосоо насаар хамгийн залуу нь байв. Товчхондоо сурах зүйлс ихээ гэсэн үг.

Хөтөлбөрийн 21 хоногийн хугацаанд АНУ-ын домогт таван хот хэмээн нэрлэгддэг Вашингтон Диси, Нью-Йорк, Филадельфи, Лас-Вегас болон Чикаго хотуудаар аялав. Аялангаа суралцав. Нийтлэг нэг зүйл хот бүрийн цагдаагийн газраар зочилсон. Мөн түүнчлэн, АНУ дахь иргэний нийгмийн олон байгууллагуудаар зочилсноос Нью-Йорк хотод төвтэй Хүний эрхийн ажиглагч (Human Rights Watch) байгууллагатай хийсэн уулзалтын үеэр Нобелийн шагналаас адис хүртэх завшаан тохиосон юм. Хүний эрхийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж буй нь тухайн улс, үндэсний эрх зүйн онцлогоос хамаарах хэдий ч глобал орчинд хамтын ажиллагаа эн тэргүүний чухал зүйл болохыг онцлон тэмдэглэж байв. Орон гэргүй хүмүүс, цагаачдын асуудал, хар тамхи, авлига гээд олон асуудлыг оролцогчдын зүгээс сонирхож асууж байсан. Нөгөө талаас, олон улсад тодорхой асуудлуудаар тайлан мэдээ бэлтгэж, зөвлөмж гаргадаг байгууллагуудаас өөрийн улстай нь холбоотой хэсгээс лавлаж асуух зүйл нэлээдгүй гарав. Анх хөтөлбөрт хамрагдахдаа илэрхийлж байсан бусдаас суралцах, мэдээлэл солилцох өргөн сүлжээг бий болгох гээд зорилго бүхэндээ хүрч чадсан. Иймдээ ч эх орондоо ирээд судалгаа материалуудаа хуваалцаж, мэдээлэл солилцож, энд ийм боломж байна нөхдөө хэмээн хоорондоо хөөрөлдсөн хэвээр. Хүмүүний амьдрал баялаг хойно хэзээ нэгэн цагт бөмбөрцгийн альхан талдаа ахин учран золгохыг үгүйсгэхгүй юм.

Их гүрний нийслэл Вашингтон Диси

Амгалан хийгээд амирлангуй хот угтаж авав. Цагаан ордон, Конгресс нь байрлаж, улс төрчид бужигнасан хэдий ч жуулчдын хувьд үзэж харах музей, дурсгал ихтэй эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэсэн мэт эгэл хот санагдана. Энэхүү хотоос Конгрессын байр, Цагаан ордны цэцэрлэг, Мартин Лютер Кинг, ерөнхийлөгч Жорж Вашингтоны дурсгал болон үй олноор хөнөөгдсөн (Holocaust)-ийн музейг үзэж сонирхов. Хэвлэл мэдээллийн Mesuim музейтэй танилцахаар очсон боловч харамсалтай нь, 2019.12.31-ний өдрөөр тасалбар болгон хаагдсан нь тун тоогүй явдал болов. Гэвч гэнэтийн зүйл тохиож, хөтөлбөрт өөрчлөлт орсноор National park стадионд бейсболын тоглолт группээрээ үзэж сонирхлоо. Аварга том стадион аймаг, сумын наадмын цэнгэлдэх хүрээлэнгээс өөр аж. Нүргэлэх чимээ нь эртний Колосиум дахь (Colosseum) Ромчуудын уухайлах нь ийм л байсан болов уу хэмээн эрхгүй нэгийг санагдуулна.

зураг

Нью-Йорк хэмээх тэмдэглэл ч бичиж амжимгүй завгүй хэмнэлтэй хотыг тольдохуйд

Өмнө нь ирж байгаагүй газраа өөрийн нутаг мэт мэдэж, явсан газраа ирсэн маршрутаараа олж очих чадвар сайн хөгжсөн болохыг ангийнхандаа хэдэнтэй батлан харуулав. Яаж маршрут, гүүгл майп ашиглахгүйгээр олж чадаж байна вэ гэж гайхах асуухын завсарт хариу болгож, монголчууд нүүдэлчин үндэстэн тул энэ чадвар нь сайн хөгжсөн болохыг даруухнаар хариулна, харуулна.

Нью-Йорк урт чацтай хот гэх нийтлэлээр мэдэхээс илүүтэй “Их хотын секс” (Sex in the city) гэх киногоор нь эчнээ таних их хотод хөл тавилаа. Алдартай олон зүйлийг дэргэдээс нь “амталж” үзэх аз завшаан тохиосон нь энэ ээ. Манхэттений (Manhattan) төв Таймс скүайраар (Times square) хэсэж, сонирхолтой олон шоуг нэг дор үзэж хөгжилдөв.

Цагтаа дэлхийн хамгийн өндөр барилга гэгдэж байсан эзэнт гүрний сүр хүчийг илтгэн харуулсан Эмпайр-стейт-билдингээр (Empire State Building) зочилж, Нобелийн шагналаас адис хүртсэн нь ойрын хэдэн жилдээ засал номоо хийлгэхийн шаардлагагүйгээр онгод хийморийг өгөө биз ээ.

Амсхийх чөлөө үгүй алдарт хотын амьдрал дунд уусаад орох нь сонин боловч амрах чөлөө эрэлхийлэн хотын зүрхэнд орших Централ паркаар (Central Park) зугаалахад амар амгаланг олох мэт санагдана. Сонин юм шүү. Ямар хүмүүс байтлаа хэзээ, хэрхэн, яаж гэхээрээ бүхэл бүтэн 341га талбай газрыг бетонон ширэнгээр дүүргэлгүйгээр, дотор нь худалдаа наймаа эрхлэлгүйгээр, хуваагаад зарчихгүйхэн шиг хадгалж үлдэж чадав аа. Ийн бодсоор нисдэг тэрэгний нүргээн, гоёмсог завь сүлжих завсар дундаас галт бамбар атгасаар гараа дээш өргөх Эрх чөлөөний бэлэг тэмдгийг их ойроос үзэхээр Брүүклиний (Brooklyn) зүг хөдөлсөн юм.

Үлэмж гэх үг ч багадам энэ хотод өнгөрүүлсэн өдрүүдийн хамгийн сайхан мөч бол Бродвай (Broadway) театрт “Нью-Йорк” шинэ музейкл жүжгийг үзэж, хүн төрөлхтний соёл иргэншил ямар гайхам сайхан болохыг хоёр цагийн турш мэдэрсэн явдал байлаа. Хоромхон мөч хэдий ч хожмын өдөр мартагдамгүй дурсамж болж үлдэх биз ээ. Урлаг бол хүн бүрийн ойлгох, орчуулгагүйгээр нэвтрэлцэх хэл гэж юутай үнэн.

Эргэн золгохын ерөөл талбим эрдмийн их өлгий Филадельфи

1,5 сая хүн амтай хэдий ч 100 гаруй их, дээд сургуулийн кампус байрлах их хотыг Филадельфи гэнэ. Энэ хотод ирснийх дэлхийн топ сургууль (АНУ-ын шилдэг хувийн 8 сургуулийн нэгт тооцогдож, Ivy League багтдаг) Пэннсилванийн их сургуулийн хуулийн сургууль руу зүг мөрөө гаргав. Гаднаасаа гурван давхар тоосгон байшин хэдий ч боловсролын салбарт хүний амьдралын гурван үеийг тэжээн тэтгэх боломжийг олгодог газар. Мөн энэхүү хотод анх АНУ-ын Үндсэн хуулийн эхийг баталж, дурсгал болгон эрх чөлөөний хонхыг босгосон байна. Ийм ч учраас нийслэл хотынхоо адилаар түүхт хот гэж нэрлэгддэг. Цаашилбал, Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлоне-ий (Sylvester Stallone) найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон Rocky Balbao-гийн дурсгал хөшөөг босгожээ. Феладелфи хэмээх 1993 оны хүний эрхийн сэдэвт киногоор нь энэхүү хотыг өмнө нь ч, одоо ч төсөөлсөн хэвээр.

зураг

Цөлд ургасан Лас Вегас

Невада мужийн Лас-Вегас хот байгуулагдсан цагаасаа хойш адал явдалд дуртай жуулчдыг татсаар иржээ. Цөлийн цэцэг кактусын өлгий нутаг хэдий ч эргэн тойрны өндөр уулсын орой нь цасан хучлагатай угтав. Сонин юм шүү. Өвөл ч болдоггүй цаг агаартай, гүрвэл ч тогтомгүй халуун газар цасан хамжлагат уулсын оройг ажиглангаа наранд биеэ шаран бодолхийлнэ гэж хэн санах вэ дээ. Хөтөлбөрийнхөө найзуудаас хэн казино орж тоглохыг сонирхвол, казино сайн зүйл биш, тоглох бус хандив өргөж байгаатай адил гэх үгсийг хэлэх нь хуульчдын хувьд байх л зүйл л дээ. Нисдэг тэрэг сүлжилдэн, дуу нь тэнгэрт нүргэлэн сонсогдох нь ялаа нисээд буй ч юм шиг тийм нэг мэдрэмжийг төрүүлж амжив. Казино гээч нь бидний бодож буй шиг хол зүйл биш агаад гудамжаар зүгээр л алхаж байгаад казино тоглож буй хүмүүсийн дундуур сүлэлдэн орно. Бүр онгоцны буудлаасаа авхуулаад л тоглоом, мөрийний орчныг үүсгэжээ. Хөл хөдөлгөөн ихтэй хэдий ч цагдаа ер харагдаагүй учрыг сүүлд цагдаагийн хэлтэст зочлохдоо мэдлээ. Каптайн Michelle Tavarez гэх бүсгүй “эргэн тойрон бүгд камертай байхад энэ халуунд цагдаа нараа зогсоох шаардлага байхгүй ээ” талаар хариулна. Мөн томоохон бизнесийн салбар казинонуудаас цагдаагийн албан хаагч нар авлигал авч байсан тохиолдол гардаг эсэхийг лавлавал хариуцлага маш өндөр учир гардаггүй агаад мэдээлсэн тохиолдолд урамшуулал мөн л өндөр гэв. Эндэхийн төрийн бус байгууллагууд тодорхой үйл ажиллагаа явуулсны үндсэн дэх ашгаасаа санхүүжих боломжийг хуулиар олгосон нь сонирхол татав. Хоол үйлчилгээний салбарт ажиллагсдын холбооноос явуулсан компанит олон ажлууд үр дүнгээ хэрхэн өгснийг сонсохдоо ирээд хэрэгжүүлмээр олон санааг тэндээс мэдэв. Гол зорилгоо тэд энэ салбарт ажиллагсдын “мөрөөдлийн эрх зүйн орчныг бий болгох” ингэсэн тохиолдолд бидэнд “нэг ажил эрхлэх нь хангалттай байх ёстой” гэж хариулж байлаа.

зураг

 

Монголчуудын хайртай чика хот Чикаго

Мичиган (Michigan) нуурын хөвөөгөөр усан онгоцоор зугаалах мөчид энэ орныг хайрламаар, үзсэн харсан бүх зүйлээ тээн очоод эх орондоо өргөмөөр ийм л зөөлөн, сэтгэл татам мэдрэмжийг олж авав. Салхитай хот хэмээх нэршил нь брэнд болтлоо бэлэг дурсгалын зүйлс дээр тодоор бичигдсэн байв. Монголын цаг агаартай төстэй ч юм уу. Тааламжит сайхан салхийг амталж, тааваараа энэхүү хотын зүрх нь болсон цэцэрлэгт хүрээлэнгээр алхах юутай сайхан. Аялал эхэлснээс дуусах хүртэл ирэх очихтойгоо нэг сар орчмын хугацаанд эргэцүүлэх, санах сэрэх зүйл олон гарав.

Хэлэлцүүлгийн агаараас амьсгалбал, холын Харвард гэдэг ч юм уу томоохон аль нэг сургуулийн ахисан түвшний хөтөлбөрт манай хэд шиг туршлагатай, ур чадвартай, хийж бүтээх хүслэнтэй экспертүүд тэнцдэг болов уу гэж бодогдоно. Үүнийг батлах мэт, Невада мужийн William S.Boyd School of Law их сургуулиар зочлоход мастер, J.D.A хөтөлбөрийн тэтгэлгээ санал болгож байлаа. Энэ тухай хөтөлбөрийн оролцогч, Гамби улсын Хүний эрхийн комиссын даргатай хөөрөлдвөл, “залуу хүн та хэд сурах хэрэгтэй. Миний хувьд одоо “хөгшиднө”, тэглээ ч хүрэх ёстой албан тушаалдаа очсон” хэмээн тулхтайгаар хариулна.

зураг

 

Солилцооны хөтөлбөрийн тухай сэтгэгдэл минь зөвхөн эрх зүйн орчин, шүүхийн тогтолцоо, хүний эрхийн асуудлаар хязгаарлагдсангүй. Америк гэх аугаа орны гайхамшигт хотууд, соёл уламжлал, итгэл үнэмшил, цаг агаар гээд элдвийн олон зүйлээр баяжиж ирэх нь энэхүү хөтөлбөрийн амин сүнс байсан болов уу. Ингээд дараах хэдэн зөвлөмжийг онцолъё.

  1. Эх орноо төлөөлж буй ямар ч хөтөлбөр байлаа чамаас улс орныхоо соёлын элч байхыг шаардана. Энгийнээр Монгол хүн байх. Хүн ёсоор хайрлаж, сонсож суралцах бүхий л процессод Монгол хүн ийм л хэмжээнд оролцдог гэх алтан дунджийг үзүүлэх. Өөрөөрөө ч байх. Хэл, соёл л өөр болохоос бидний бодож сэтгэхээс авхуулаад бүх мэдрэмжүүд, хүний эрхийн наад захын хэм хэмжээ нэгэн адил.
  2. Монгол хүн бүр эрдэм мэдлэгтэй байж, эх орноо төлөөлж олон улсын хэмжээнд сурталчлан таниулахын тулд биднээс ихээхэн хүчин чармайлт шаардах нь ээ. Тухайлбал, 22 оролцогчдын ес нь унаган (native) буюу албан ёсоор англи хэлээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг (official language) орны төлөөллүүд байв. Түүнчлэн НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр ярьдаг орнуудын төлөөлөл хаана ч байлаа өөрийн эх хэлээрээ харилцах боломж байдаг юм байна. Энэ хугацаанд нэг ч Монгол хүнтэйгээ таараагүй бөгөөд хэн ч надтай төрөлх хэлээр минь ярих гэж оролдохгүй тул Англи хэлийг маш өндөр түвшинд эзэмшсэн байх нь хамгийн наад захын шаардлага юм. Ихээхэн хүчин чармайлт шаардана гэдгийн нэгээхэн жишээ болгон англи хэлийг онцлон дурдав.
  3. Цаашилбал жижиг улсын зовлон их. Төдийлөн Монгол гэх орныг мэдэхгүй тохиолдлууд гарна. Энэ тохиолдолд бидний үүх түүх, ардчилсан нээлттэй нийгэм, соёл уламжлал, хүний эрхийн онцлог кэйсүүд, Юнескод бүртгэгдсэн соёлын хосгүй биет болон биет бус өвүүд гээд бахархах, ярихгүй байхын аргагүй олон сэдвүүд ундарна.
  4. Цагийн зөрүү. Идэрхэн залуу насандаа ажрах нь үгүй явлаа гэдэг шиг цагийн зөрүү гэж юу байдаг билээ хэмээн бодовч яалт ч үгүй мэдрэгдэнэ. Монголоос яг эсрэг 12 цагийн зөрүүг богинохон хугацаанд тийм ч амархан аргалчих эд биш ажээ. Асар том (enermous) орон учраас дотроо ч цагийн зөрүүтэй. Тухайлбал, Лас Вегас руу хөдлөхийн тулд 4:30 цагт босоод онгоцны буудалдаа очно. Лас Вегасдаа дасаж байтал Чикаго руу очиж маргааш өглөө нь 07:45 цагт товлосон газар луугаа хөдлөх нь өмнөх цагаар 04:45 буюу 3 цагийн зөрүү юм.
  5. Өөрийгөө хэзээ ч бүү гол. Өнгөрсөн бүх хугацаанд чиний хийж ирсэн, зорьж хөдөлмөрлөсөн бүхэн чамайг илтгэн харуулж байдаг.
  6. Өөрийгөө өөр хэл дээр хэрхэн нээснээ анзаараарай. Миний хувьд англи хэлээр хэл соёлын орчинд орохдоо маш хошин шогийн мэдрэмжтэй (humorous) болж байв. Үүний ачаар олон найз нөхөдтэй болж, ойртож дотносох боломж гарч ирсэн. Ямар сайндаа л Автобусны арын суудлын хөвгүүд хэмээх (Backseat Boys) хэмээх комеди клубийн үүсгэн байгуулагч хэмээн зарлагдах вэ дээ.
  7. Суусан газраасаа шороо атгах. Хөтөлбөртөө зориулж өөрийн тухай, бодож санадаг зүйлсээ брошюр болгон хэвлэж авч явсан нь нүдээ олсон хэрэг байв. Бусад улсын оролцогч нартаа сэтгэгдэл үлдээхийн зэрэгцээ, зочилсон газрын уулзсан хүмүүсээс мэдээлэл авах, солилцох боломжийг бүрдүүлэхэд дөхөм байлаа.
  8. Тухтай бүсээсээ (comfort zone) гар. Хэзээ нэгэн цагт чи гарах л болно. Өөр хэл, соёлд шумбан орох нь амаргүй ч тэр үед өөрийгөө далай тэнгист хөвөх хөлөг онгоцоор төсөөлж чадвал хаа хүрэхээ тодорхойлж хөлөг онгоцныхоо жолоог итгэл төгс атган хандсан зүгтээ залуурдаж чадна. Миний хувьд анх удаагаа гадаад улсад суралцаж буй нь бусад оролцогчдоосоо ялгарч бусдаас чи чадна гэсэн урмын үгийг харамгүй сонсож байсан нь сэтгэлд тодхон үлджээ. Магадгүй, монголчууд нэгнээ бодлогоор дэмждэг юм байна гэх бодлыг бусдад төрүүлсэн байхыг ч үгүйсгэхгүй.
  9. Зүгээр л нэг үзээд ирэх, зүтгэсээр байгаад ирэх хоёрын хооронд ялгаа бий. Хөтөлбөрөө дүгнэж хаасан сүүлийн өдөр илтгэл тавихдаа “энэхүү улсыг таван мэдрэхүйгээрээ мэдэрч чадлаа” гэх үгс бусдын сэтгэлийг хөдөлгөсөн байв. Үнэхээр л үзэж хар, сонсож дуул, амталж үз, үнэрлэж мэдэр, хүрч тэмтэр гэж хэлье. Ингэсэн цагт аливаа туршлага бүхэн авах, гээхийн ухаанаар ариутган шүүгдэх жамтай.

 

Энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон АНУ-ын Засгийн газар, ард түмэн, Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яамны хамт олонд гүн талархлаа илэрхийлье. Олон Монгол залуусыг зөв цаг үед нь чухал хөтөлбөрт хамруулах боломжийг олгодогт та бүхэндээ баярлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ТИКА-ЫН ЗОХИЦУУЛАГЧ МУСЛУ АЛИТАЙТАЙ УУЛЗЛАА
3 цаг 52 мин
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
Өчигдөр 15 цаг 18 мин
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
Өчигдөр 15 цаг 07 мин
“ХУУЛЬЧДЫН АЖИЛЛАХ ОРЧИН БА ЭРҮҮЛ АХУЙ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Уржигдар 17 цаг 35 мин
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-10-03 16:07
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
2024-10-03 12:12
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
2024-10-03 12:09
2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ЗАРИМ ХУУЛЬ
2024-10-02 14:03
ӨМГӨӨЛӨГЧ Б.ЗОРИГТБААТАР, Э.ЖАРГАЛ НАРТ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-10-02 10:22
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-10-02 10:08
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-10-01 13:39
МЭНДЧИЛГЭЭ
2024-10-01 12:23
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭГ ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООН ДЭЭР СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2024-09-30 14:11
ХУУЛЬЧДЫГ ХАМТДАА МОД ТАРИХЫГ УРИАЛЖ БАЙНА
2024-09-27 14:27
СПОРТ ЯВГАН АЯЛЛЫН ТЭМЦЭЭНД ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ХОРОО ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ
2024-09-27 10:18
ХБНГУ-ЫН БАВАР МУЖИЙН ПРОКУРОР ВАГНЕР ТАНЯГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-09-27 08:53
СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-09-26 14:57
ХӨХ ХОТЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-09-25 16:32
“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2024-09-25 14:42
ТАЛАРХАЛ
2024-09-25 12:12