Монголын Хуульчдын холбоо нь Монгол-Филиппиний боловсрол, соёлын төв хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хуульчдын мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын түвшинд ажиллах боломжийг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана.
•Гадаад хэлний тасралтгүй хөгжил: Хуульчдын гадаад хэлний мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх улирал тутмын сургалт зохион байгуулах.
•Мэргэжлийн англи хэлний сургалт: Хуульчдад зориулсан суурь, дунд, ахисан түвшний сургалтыг Монгол Улсад танхимын болон цахим хосолсон хэлбэрээр, эрчимжүүлсэн тусгай хөтөлбөртэй сургалтыг Бүгд Найрамдах Филиппин Улсад зохион байгуулж, мэргэжлийн англи хэлний мэдлэг, ур чадварыг үе шаттайгаар хөгжүүлэх.
•Сургалтын багц цаг: Хөтөлбөрийн зорилго, агуулгад нийцүүлэн гишүүн хуульчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ холбогдох журмын дагуу сургалтын багц цаг тооцуулах боломжийг бүрдүүлэх.
•Олон улсын туршлага судлах: Филиппин Улсад англи хэлний сургалтад хамрагдах хугацаанд тус улсын хууль зүйн чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай туршлага солилцох боломжийг бий болгох.
•Гишүүн хуульчдын хүүхдийн боловсролын боломж: Гишүүн хуульчдын хүүхдүүдийг Филиппин Улсад гадаад хэлний сургалтад хамруулах, Итали, БНХАУ, Япон, БНСУ, Канад зэрэг улс орны их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах.
•IELTS-ийн сургалт, шалгалт: Гишүүн хуульчид болон тэдгээрийн хүүхдүүдэд IELTS-ийн бэлтгэл сургалт, албан ёсны шалгалтад хамрагдах боломжийг бүрдүүлэх.
•Менежмент, манлайллын хөгжил: Хуульчдын удирдан зохион байгуулах, манлайлах, мэргэжлийн харилцаа, менежментийн ур чадварыг хөгжүүлэх сургалт, хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах.
Энэхүү хамтын ажиллагаа нь монголын хуульчдын мэргэжлийн хөгжил, манлайлал, олон улсын хамтын ажиллагаа, гадаад хэлний ур чадварыг дэмжихийн зэрэгцээ тэдний хүүхдүүдийн боловсролын боломжийг өргөжүүлэхэд чиглэж байна.