Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар олон улсын эрх зүйн чиглэлээр хуульчдыг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, модулийг хамтран боловсруулах, олон улсын гэрээ, конвенцын орчуулга, хэрэглээ, хэрэгжилтийг сайжруулах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Мөн олон улсын хувийн эрх зүйн чиглэлээр Гаагийн олон улсын байгууллагуудын боломжийг илүү үр дүнтэй ашиглах, гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар Элчин сайдын яам, Консулын газруудтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Талууд цаашид санамж бичиг байгуулж, хамтарсан ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр боллоо.
Тус уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Олон Улсын эрх зүйн хорооны Тэргүүн Э.Алимаа, Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Э.Батзориг болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон.