Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд хуульчийн мэргэжлийн хариуцлагын салбарласан институциудын хамтын ажиллагааны тогтвортой механизмыг бүрдүүлж, эрх зүйн салбар дахь сахилга, ёс зүй залгамж чанарыг хадгалах, шийдэл бий болгох зорилготой “Шүүгчийн ёс зүй, сахилга:Залгамж чанар, шинэчлэл” сэдэвт симпозиум өнөөдөр(2026.11.13) боллоо.
Симпозиумыг нээж, Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр үг хэлсэн бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Мөнхдаваа, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн, Д.Ариунтуяа, О.Номуулин, Г.Цагаанцоож, Б.Сугар болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Хөтөлбөрийн удирдагч Н.Одонтуяа, Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн Твиннинг төслийн суурин зөвлөх Кристоф Копецки нарын хүндтэй зочид, шүүгчдийн төлөөлөл оролцлоо.
Симпозиумыг Шүүхийн сахилгын хороо, Монголын Хуульчдын холбоо хамтран Нээлттэй нийгэм форум, Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн Твиннинг төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, шүүхийн ёс зүй, сахилгын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын шинэчлэл, хариуцлагын тогтолцооны уялдаа холбоо, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Монгол Улсын шүүхийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэх тогтолцоо бүрэлдэн хөгжиж байгаа хэдий ч сахилгын хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, мэргэжлийн ёс зүйн нийтлэг стандартын хэрэгжилтийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байсаар байна. Тус симпозиумын хүрээнд шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа, шүүхийн сахилгын хорооны бие даасан байдал, хараат бус байдал, хуульчийн мэргэжлийн ёс зүйн зарчим болон хариуцлагын тогтолцооны залгамж чанар, шүүгчийн ёс зүйн стандарт, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх асуудлыг хөндсөн илтгэлүүд тавигдлаа.
Тухайлбал, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр “Шүүхийн сахилгын хорооны бие даасан байдал, ач холбогдол”, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат “Хуульчийн мэргэжлийн ёс зүйн суурь зарчим ба мэргэжлийн өөрийн удирдлагын үүрэг: Институцийн шилжилтийн үеийн залгамж чанар”, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа “Шүүгчийн ёс зүй, хариуцлага:Түүхэн хөгжил”, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Шүүгчийн ёс зүйн стандарт, түүний үзэл баримтлал”, Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар “Шүүхийн сахилгын хороо шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьсан. Мөн Бавари мужийн Байрет дахь бүсийн шүүхийн шүүгч Арно Поннат, Хамбург мужийн Хамбург хотын Бүсийн шүүхийн шүүгч, танхимын тэргүүн Хайке Хуммелмайер нар “Олон нийтийн итгэл, цаасан дээрх зарчмаас бодит практикт” сэдвээр мэдээлэл хуваалцлаа.
Тус симпозиумын нэг бүрэлдэхүүн хэсэг нь панел хэлэлцүүлэг байсан бөгөөд модератороор Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар, панелистаар Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн М.Мөнхдаваа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Д.Батболд нар оролцож, шүүхийн болон хуульчийн мэргэжлийн ёс зүй, сахилгын тогтолцооны харилцан уялдаа, хэрэгжилт, цаашдын хөгжлийн чиглэлийн талаар санал солилцсон юм.
Энэхүү симпозиум нь шүүгчийн ёс зүй, сахилгын тогтолцооны залгамж чанарыг хадгалах, шинэчлэлийн бодлого, практикийг уялдуулах, мэргэжлийн хариуцлагын нэгдмэл ойлголтыг төлөвшүүлэх, шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдол үйл ажиллагаа болсон бөгөөд симпозиумд оролцогчдын зүгээс Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай процессын хуулийг боловрсуулах, хуульч, шүүгчийн сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн боловсролыг дээшлүүлэх, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх ажлыг Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн сахилгын хороо манлайлж эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцоллоо.
Тус симпозиумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үнэтэй санал, байр сууриа хуваалцсан нийт илтгэгч, панелистууд, оролцогчид болон Шүүхийн сахилгын хороо, Нээлттэй нийгэм форум, Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн Твиннинг төслийн хамт олонд талархал илэрхийлье.