Монгол Улсад гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр (2026.11.04) боллоо.
Тус шүүхийн нээлтийн ёслолд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, гишүүд, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллага болон шүүгч нарын төлөөлөл оролцож, тус шүүхийн хамт олонд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргааныг мэргэшсэн, хүн төвтэй хандлагаар шийдвэрлэх үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийг байгуулсан билээ.
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсанаар гэр бүл, хүүхэд, насанд хүрээгүй хүний эрх, ашиг сонирхолтой холбоотой хэрэг, маргааныг мэргэшсэн шүүхээр хянан шийдвэрлэх тогтолцоо бүрдсэний зэрэгцээ шүүхийн бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтсийг байгуулж, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйч зэрэг мэргэжлийн ажилтнууд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн нь гэр бүлийн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд олон талт мэргэжлийн оролцоог хангах ач холбогдолтой юм.
Ийнхүү гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн тогтолцоо бүрдсэнээр хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн маргааныг үр нөлөөтэй шийдвэрлэх, шүүхийн үйлчилгээг мэргэшсэн, хүртээмжтэй, хүн төвтэй болгоход чухал алхам болж байгааг оролцогчид онцолсон.