Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос Хотын ой, ногоон дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгийн ажлын албатай хамтран 2026 оны 10 дугаар 30-ны өдөр зохион байгууллаа.
Хуулийн төслийн танилцуулгыг МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооны гишүүн хуульч Б.Баттогтох танилцуулж, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тэрбум мод үндэсний хөдөлгөөн хариуцсан зөвлөх З.Мөнхбат, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны зөвлөх П.Хулан, Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны референт Ц.Рэнцэнтогтох, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын ахлах шинжээч Д.Бэлэгсайхан, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын Хот дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах шинжээч Б.Гоёсайхан, Тэрбум мод хөдөлгөөн ТББ-ын гүйцэтгэх захирал Ё.Гантөгс тэргүүтэй албаны төлөөлөл, Биологийн ухааны доктор (Ph.D) Б.Чимид тэргүүтэй ойн салбарын эрдэмтэн судлаач, мод үржүүлэг, тарьц суулгац нийлүүлэх, ойжуулалт, ногоон байгууламжийн цогц үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн компани, иргэдийн төлөөлөл, хуульч, өмгөөлөгч нар оролцож хуулийн төсөлд тусгах саналаа илэрхийлж оролцлоо.
Энэхүү хуулийн төслийн гол ач холбогдол нь хотын ногоон байгууламжийг урт хугацаанд арчлан хамгаалах, санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо бүрдэх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ногоон орчин бий болгох замаар бодитой бүрдүүлэхэд оршиж буй юм.


