Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ЗАРИМ ХУУЛЬ

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гаргасан 2022 оны мэдээнд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэмжээнд хэргийг хэлэлцэх нийт 39,691 шүүх хуралдаан зарласнаас 21,619 буюу 54,4 хувь нь хойшилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж байгаа дундаж хугацаа 30-120 хоног, зарим хэрэг 1-3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгддэг болохыг Б.Энхбаяр сайд танилцуулсан. Энэхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны удаашралтай байдалд хэргийн оролцогчийн хаяг тодорхой бус, шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг буюу нэг шүүгч, туслахад ногдох хэргийн тоо их, үүнээс шалтгаалан нэг хэрэг шийдвэрлэх зардлаар 3 хэргийг шийдвэрлэдэг зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг боловч нөгөө талаас бага үнийн дүнтэй хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд тохирсон хянан шийдвэрлэх ажиллагаа, хэргийн удирдлагын эрх зүйн орчин бий болоогүйгээс үүдэлтэй гэв. Түүнчлэн 2022 онд нийслэлийн 6 дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн нийт 34,083 хэрэг маргааны 8200 хэрэг буюу 24 хувь нь 11,000,000 төгрөгөөс бага үнийн дүнтэй хэргүүд байгаа гэх тоо баримтыг танилцууллаа. Эдгээр хэргийг шийдвэрлэсэн дундаж хугацаа 109 хоног бөгөөд нийт шийдвэрлэсэн бага үнийн дүнтэй хэргийн 3.6 хувь нь давж заалдах журмаар гомдол гаргасан бол 1.2 хувь нь хяналтын шатны шүүхэд ханджээ.

Иймд хүний зөрчигдсөн эрхийг хялбар, хурдан шуурхай, үр дүнтэй байдлаар шийдвэрлэх бага үнийн дүнтэй хэргийг хянан шийдвэрлэх тусгайлсан журмын эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх зорилгоор тус нэмэлт, өөрчлөлтийг баталжээ.

Энэ нэмэлт, өөрчлөлтөөр бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлагад тохирсон хэрэг хянан шийдвэрлэх үр дүнтэй, хялбар тусгайлсан журмыг тогтоох бөгөөд энэ нь зөвхөн мөнгөн дунд хязгаарлагдсан мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад үйлчлэх юм байна. Түүнчлэн мөнгөн хөрөнгийн дүнг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоож, 6 төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна.  Хэрэг хянан шийдвэрлэх тусгайлсан зарчмыг тодорхойлж, нэхэмжлэл, шүүхийн мэдэгдэх хуудас гардуулах хурдан шуурхай, цахим технологийн дэвшлийг ашиглаж болох зохицуулалтыг тусгасан байна. Мөн бага үнийн дүнтэй хэргийг нэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх зарчмыг тодорхойлж, цаасан болон цахим нотлох баримтыг шүүхээс үнэлэх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр иргэний хэргийн онцлогт тохирсон, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны уян хатан зохицуулалт бий болж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашрал багасаж, иргэдэд хурдан шуурхай, хялбар байдлаар үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшлэх юм байна.

751 дүгээр зүйл.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг

751.1.Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ:

751.1.1.бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах;

751.1.2.дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах;

751.1.3.хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах;

751.1.4.бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах.

751.2.Дараах нэхэмжлэлийг үнийн дүнгээс үл хамааран шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ:

751.2.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол;

751.2.2.энэ хуулийн 751.1.1-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл;

751.2.3.ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл.

751.3.Эрх зүйн нэг маргаанаас үүдэлтэй шаардлагыг хэд хэдэн нэхэмжлэлээр хэсэгчлэн гаргахыг хориглоно.

751.4.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ.

751.5.Гэр бүл, өв залгамжлалын холбогдолтой бүх төрлийн хэрэгт тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам үйлчлэхгүй.

МАЛ, АМЬТНЫ ЭМ, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙН ТУХАЙ

Манай улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь мянга мянган өрхийн амьжиргааны эх үүсвэр болж, орон нутгийн, улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг нь 2022 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д 13.1 хувийг, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт нь нийт экспортын орлогын 5.4 хувийг тус тус бүрдүүлж, нийт ажиллах хүчний 24.9 хувь нь тус салбарт ажилладаг.

Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнийг зооноз гэх бөгөөд дэлхий дээр 1500 орчим хүний халдварт өвчин бүртгэгдсэний 60 хувь нь зооноз өвчин байна.  Жил бүр хүний 4-5 халдварт өвчин шинээр бүртгэгдэж байгаагаас 3-4 нь буюу 75-80 хувь нь амьтнаас хүнд халдварлаж (зооноз өвчин) байгааг судалгаагаар тогтоосон. Нийт зооноз өвчний 60 хувь, сүүлийн 20 жилд шинээр бүртгэгдсэн зооноз өвчний 80 хувь нь вирусээр үүсгэгддэг байна.

Монгол Улсад хүний болон мал, амьтны зориулалттай эм, биобэлдмэл, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, тэжээлийн нэмэлтийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулж байсан.  Эмийн тухай хууль нь 1998 онд батлагдаж, 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгосон бөгөөд 2010 онд тус хуулийг шинэчлэн найруулснаас хойш нийтдээ 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч зарчмын хувьд мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлтийн талаарх зарчмын суурь зохицуулалт, хяналт шалгалтын талаар бүрэн тусгагдаагүй явж ирсэнийг ийнхүү шинэ хуулиар зохицуулах болсон.

Иймд мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, оношлуур, ариутгалын бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн зөвшөөрөл, бүртгэл, үйлдвэрлэл, баталгаажуулалт, худалдаа, хангамж, хэрэглээ, хяналт шалгалттай холбогдсон харилцааг зохицуулахаар Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас баталсан байна.

Хууль хэрэгжиж эхэлснээр мал, амьтны эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын чиг үүрэг, хяналтын үүрэг илүү тодорхой болж, эмийн чанар, аюулгүй байдал, хангамж сайжирч, хүнсний аюулгүй байдлыг хангахад төр болон хувийн хэвшлийн үүрэг хариуцлага нэмэгдэх юм. Мал, амьтны гоц халдварт, халдварт, халдваргүй, шимэгчтэх, өвчнөөс урьдчилан болон эмчлэн сэргийлэх арга хэмжээний үр дүн сайжирч, мал, амьтны өвчний гаралт, тархалт, өвчлөл буурч хүн ам, мал, амьтны эрүүл мэндэд учруулах эрсдэл буурна.

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй, үйлчлэлийн идэвхтэй эм, эмнэлгийн хэрэгслээр /эмнэлгийн тоног төхөөрөмж, суулгац, протез, эмнэлгийн багаж, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, лабораторийн оношилгооны хэрэгсэл/-ээр тасралтгүй, хүртээмжтэй хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хяналт, зохицуулалттай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан. 

Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үнийг бууруулах, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, эмнэлгийн хэрэгсэл, уламжлалт эмийн зохицуулалтыг боловсронгуй болгох зохицуулалт тусгаж өгсөн.

Өмнө нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар хүн, мал, амьтны эмийн хяналт, зохицуулалтыг хамтад нь зохицуулж байсан бөгөөд олон улсын жишгийг харгалзан үзэж хүний эмийн хяналт, зохицуулалтын асуудлыг мал, амьтны эмийн хяналт, зохицуулалтаас тусад нь хуульчлах нь зүйтэй гэж үзсэн.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр эмийн үнэ үйлдвэрлэгчтэй байгуулсан хэлцлийн үнээс эцсийн хэрэглэгчид хүрэхдээ дунджаар 2.1 дахин нэмэгдсэн, үнэлгээнд хамрагдсан эмийн 80 хувьд өртөг үнэ дээр 30 хүртэл хувь нэмж ханган нийлүүлэх байгууллагууд борлуулсан, 20 хувьд бөөний үнийн нэмэгдэл 30-аас дээш хувь байна.  Эмийн жижиглэнгийн үнийн хувьд үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж тус хуулийг баталсан.

Өнөөгийн байдлаар Монгол Улсад 3400 гаруй нэр төрлийн эм импортоор, 1000 орчим  нэр төрлийн эмийг дотоодод үйлдвэрлэж байна. Эдгээр эмийн чанар, аюулгүй байдал, үйлчилгээний идэвхийг бодитойгоор үнэлж, дүгнэлт гаргах лавлагаа лабораторийн чадавх бэхжээгүй, эм үйлдвэрлэх, хадгалах, түгээх, худалдах зохистой дадал бүрэн хэвшээгүй зэргээс шалтгаалан эмийн чанар, аюулгүй байдал, үйлчлэлийн идэвхийн баталгааг хангах үйл явц сул,  хүн амын дунд эмийн чанар, үйлчлэлд үл итгэх, эргэлзэх хандлага гарсаар байна. 2022 оны байдлаар  эмийн 26 үйлдвэрийн ердөө 9 буюу 35 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-ын шаардлага хангаж байна. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн үр дагаварт 2021 онд хийсэн Аудитын гүйцэтгэлийн үнэлгээнд импортын эмийн 6.1 хувь, дотоодод үйлдвэрлэсэн эмийн 18.6 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн. Түүнчлэн хуурамч, стандартын бус эмтэй тэмцэх үүрэг хариуцлагыг тодорхойлсон хуулийн зохицуулалт байхгүй байгаа талаар үнэлгээнд дурдсан байна.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох  шаардлагатай байгааг 2020 оны  коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.

Дэлхийн 170 орон уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан  хөгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдүүлснээс 124 орон ургамлын гаралтай эм, түүхий эдийн талаар тусгайлсан зохицуулалттай байна. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд уламжлалт эмийг эмийн сангаас гадуур худалдан борлуулах, түүхий эдийг бүртгэхгүй байх гэсэн уламжлалт эмийн талаар цөөн тооны тусгайлсан зохицуулалт байна. Түүнчлэн  Үндэсний аудитын газраас “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд 2021 онд хийсэн үнэлгээгээр уламжлалт эм, түүхий эдтэй холбогдох эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг дүгнэж, цаашид эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг арилгах зөвлөмж өгсөн. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой юм.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Тус хуулийн үйлчлэлд хамаарахгүй харилцаанд (3.3.3).Засгийн газар, нийслэл, төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах ажиллагаа; хууль бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой дараах харилцааг нэмж тусгасан байна. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан (11.8) чанар ба үнийн хосолмол үнэлгээний шалгуурыг зөвхөн эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн худалдан авахад хэрэглэхэрээ; (27.6) Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тендерийг үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу онооны дарааллаар эрэмбэлж, хамгийн өндөр оноотой тендерийг хамгийн сайн тендер гэж үзэх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

 

 

 

     

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
3 цаг 17 мин
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
5 цаг 1 мин
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
Уржигдар 16 цаг 02 мин
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
Уржигдар 11 цаг 02 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 205 ЭРХ ЗҮЙЧ ТЭНЦЛЭЭ
2024-10-30 10:05
"СААРАЛ" ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ
2024-10-29 14:18
"МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ БА ТРАСТЫН ҮЙЛЧИЛГЭЭ" СУДАЛГААНД ОРОЛЦОНО УУ
2024-10-28 16:51
“ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2024-10-28 14:41
САНАЛ АВЧ БАЙНА
2024-10-28 10:32
“ЭДИЙН ЗАСАГ БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-10-25 10:01
АЗИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ САРА ТЭЙЛОРТОЙ УУЛЗЛАА
2024-10-24 16:36
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГА (IDLO)-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-10-24 15:20
ДЭЛХИЙН ШУДАРГА ЁСНЫ ТӨСӨЛ (WJP) -ИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАХИРАЛ ДОКТОР ШРИРАК ПЛИПАТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-10-24 11:31
АНУ-ЫН ЮТАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-10-23 13:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛНО
2024-10-23 13:35