Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮН НАС БАРСАН, СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН, ОРГОН ЗАЙЛСНААС ҮЛ ХАМААРАН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ ОЛСОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ХУРААЖ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ”IN REM” ЗАРЧИМ

Судлаач, доктор, дэд профессор Б.Өнөрмаа

Хөрөнгө буцаах эрх зүйн практикт хоёр үндсэн зарчим буюу “In personam” ба “In rem” зарчмуудыг олон улсад хэрэглэж байна.

Дараах тайлбарт эдгээр зарчмуудын эрх зүйн утга, хэрэгжүүлэх арга зүй, олон улсын баримт бичигт хэрхэн туссан байдал, бодит жишээ болон эрх зүйн хэм хэмжээний хүрээн дэх хэрэглээг харьцуулан тайлбарлав.

Зарчмын төрөл

Хууль зүйн тайлбар

Агуулгын тайлбар

       

 

       In personam

“Action in personam” гэдэг нь тодорхой хувь хүний эсрэг хүлээлгэх эрүүгийн эсвэл иргэний хариуцлагад чиглэсэн ажиллагаа юм.

Энэ зарчмыг хөрөнгө буцаахад хэрэглэснээр тухайн этгээдийн гэм бурууг нотолсны үндсэн дээр шүүхийн шийдвэр гаргаж, хууль бусаар олж авсан хөрөнгийг хураадаг.

        

 

In rem

“Action in rem” гэдэг нь тодорхой эд хөрөнгөд чиглэсэн эрх зүйн ажиллагаа бөгөөд тухайн хөрөнгө нь гэмт хэрэгтэй холбоотой, хууль бус гаралтай эсэхийг тогтоох зорилготой.

Хөрөнгийн эзэмшигчийн гэм бурууг тогтоохгүйгээр тухайн хөрөнгийн хууль бус гарал үүсэл нотлогдвол шүүхийн шийдвэргүйгээр ч хөрөнгийг хурааж, буцаан олгох боломжтой.

Олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд “In personam” болон “In rem” зарчмуудыг зэрэгцүүлэн хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.

НҮБ-ын Авлигын эсрэг конвенц[1] (UNCAC)-ийн 54(1)(c) зүйлд “эзэмшигчийн гэм буруугүйгээр хөрөнгийг хураах тогтолцоог бий болгох” шаардлагыг тусгасан нь “In rem” зарчмыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч буйг харуулдаг.

Мөн 57 дугаар зүйлд “яллагдсан этгээдээс хөрөнгийг буцаах ажиллагаа” нь “In personam” зарчимд нийцэж байна.

 FATF-ийн 38-р зөвлөмж[2] нь ял шийтгэлгүй хөрөнгийн хураалтыг хуульчилсан байх шаардлагатайг тодотгожээ.

Мөн StAR Initiative-аас боловсруулсан “Barriers to Asset Recovery” болон “Going for Broke” тайлангуудад энэ 2 зарчмыг хэрэглэх олон улсын туршлагын талаар тусгасан байдаг.

 “In personam” болон “In rem” зарчим нь хөрөнгө буцаах ажиллагаанд харилцан нөхөх үүрэгтэй бөгөөд олон улсын эрх зүйн хэм хэмжээнд аль аль нь хэрэглэхийг зөвшөөрдөг. “In personam” нь гэм буруутай этгээдийн хөрөнгийг хураах эрх зүйн үндэслэл болж өгдөг бол, “In rem” зарчим нь шүүхийн шийдвэргүйгээр, өмчийн гарал үүсэлд үндэслэн шуурхай хураалт хийх боломжийг олгодог.

Гэвч аль аль зарчимд хүний эрхийн хамгаалалт, шүүхийн хяналт чанга тавигдах ёстойг олон улсын стандартууд онцолдог.[3]

Гэмт хэрэг үйлдсэн этгээд нас барсан, сураггүй алга болсон, эсхүл оргон зайлсан тохиолдолд хууль бусаар олсон хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хураан авч, улсын орлого болгох нь олон улсын эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн практик бөгөөд энэхүү хөрөнгө хураах ажиллагааг олон улсад "in rem" зарчимд суурилсан ажиллагаа гэж үздэг байна.

Энэхүү зарчим нь дараах олон улсын баримт бичгүүдэд тусгагдсан байна.

1. Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц (UNCAC) 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн С-д : “... гэмт хэрэгтэн нас барсан, оргон зайлсан буюу байхгүй байгаа шалтгаанаар яллаж болохгүй тохиолдолд болон бусад зохих тохиолдолд тухайн эд хөрөнгийг ял шийтгэлгүйгээр хураан авахыг зөвшөөрөхөд шаардлагатай байж болох арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ...” гэж заасан байдаг. ​

2. Европын Зөвлөлийн Гэмт хэргийн орлогыг хураах, буцаан авах тухай конвенц (Übereinkommen über Geldwäsche, Ermittlung, Beschlagnahme und Einziehung von Erträgen aus Straftaten (1990)[4]

Энэхүү конвенцид мөнгө угаах болон гэмт хэргийн орлогыг илрүүлж, хураан, тухайн улсад шилжүүлэх олон улсын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн чухал баримт бичиг юм. Тус конвенц нь тодорхой хүний эсрэг биш харин өмчийн эсрэг чиглэсэн хураан авах ажиллагааны "in rem" зарчмыг баримталдаг бөгөөд гэмт хэрэгтэн нас барсан, сураггүй болсон, эсхүл шүүхийн өмнө хүрэлцэн ирээгүй тохиолдолд ч хууль бус гаралтай хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураах боломжийг олгодог байна.

Гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө, орлогыг хураах үндсэн зохицуулалт:

Конвенцын 6 дугаар зүйл Хөрөнгө хураах (Einziehung)    Гишүүн улсууд гэмт хэргийн орлого болох эд хөрөнгийг (мөнгө, үл хөдлөх хөрөнгө, үнэт зүйлс г.м) шүүхийн шийдвэрээр хураах эрхтэй.

Хураан авах нь гэмт хэрэгтний хувь хүний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамааран, тухайн хөрөнгийн хууль бус гарал үүсэлд тулгуурлан явагдана (in rem зарчим).

Хэрэв гэмт хэрэгтэн нас барсан, оргон зайлсан, шүүхэд хүрэлцэн ирээгүй байсан ч, тухайн хөрөнгө нь гэмт хэрэгтэй холбоотой гэдгийг нотолсон тохиолдолд хураах ажиллагаа хийгдэнэ.

Конвенцын 7 дугаар зүйл. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ. (Vorläufige Maßnahmen)

Мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд хөрөнгийг нуун далдлах, шилжүүлэх, устгах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор түр хураах арга хэмжээг авч болно.

Түр хураах арга хэмжээ нь шүүхээс хураан авах талаар эцсийн шийдвэр гаргах хүртэл түр хугацаанд эд хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт юм.

Гэмт хэрэг үйлдсэн хүн нас барсан тохиолдолд хөрөнгийг өвлөн авсан этгээдүүд нь тухайн хөрөнгийн гэмт хэрэгтэй холбоотойг мэдэж байсан, эсхүл мэдэх ёстой байсныг нотолбол шүүх тухайн хөрөнгийг хураах шийдвэр гаргаж болно.

Хэрэв гэмт хэрэгтэн оргон зайлсан, сураггүй болсон бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэх, шүүхэд дуудах боломжгүй бол “in absentia” буюу эзгүйгээр шийдвэр гаргах журам ашиглан хөрөнгийг хураах боломжтой. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө нь гэмт хэрэгтэй холбоотой гэдгийг нотлох баримт хангалттай байвал хөрөнгө хураагдана.

Конвенцын 8 дугаар зүйл. Гуравдагч этгээдийн эрхийг хамгаалах журам. (Rechtsbehelfe Dritter)

Хураах ажиллагаанд хөндөгдөж буй гуравдагч этгээдийн өмчийн болон эрх зүйн ашиг сонирхлыг хамгаалах эрх, журмыг зохицуулна. Гуравдагч этгээд нь тухайн хөрөнгийг хууль ёсоор эзэмших, өмчлөх, ашиглах эрх бүхий этгээд байж болзошгүй тул түүний эрх зүйн ашиг сонирхол хөндөгдөх тохиолдолд хураах, түр хураах, бусад хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцэх эрхтэй байна. Ийм этгээд нь хуульд заасан журмын дагуу эрх зүйн хамгаалалт шаардаж, шүүхэд гомдол гаргах, гүйцэтгэлд хяналт тавих, эрхтэй болохоо нотлох баримт ирүүлэх зэргээр оролцох боломжтой байна. Энэ нь өмчийн эрхийн зөрчлийг хязгаарлаж, гэмт хэрэгтэй холбоогүй гуравдагч этгээдийн эрхийг хамгаалах, хохирохгүй байх баталгаа болдог.

 “In rem” зарчим буюу өмчид чиглэсэн хөрөнгө хураах тогтолцооны хөгжил.

Олон улсын баримт бичгүүд (UNCAC, StAR) болон улс орнуудын хууль тогтоомж нь “in rem” зарчмыг өмчийн эсрэг шүүх ажиллагааны гол тулгуур болгон ашиглаж байна.

 “In rem” зарчим гэдэг нь өмч хөрөнгийг эзэмшигч этгээдээс үл хамааран, тухайн хөрөнгө өөрөө гэмт хэрэгт ашиглагдсан буюу гэмт хэргийн үр дүнд бий болсон гэж үзвэл шүүхийн шийдвэрийн дагуу хураан авах эрх зүйн үндэс юм.[5]

Энэ зарчимд тулгуурлан өмч эзэмшигчийг ял шийтгүүлэхээс өмнө хөрөнгийг хураах ажиллагаа  (NCBF-Non-Conviction Based Forfeiture) явагддаг бөгөөд энэ нь ихэвчлэн өмчлөгч нь нас барсан, оргон зайлсан, ял оногдуулж амжаагүй, эсхүл тухайн өмчийн хууль бус эх үүсвэрийг нотолж буй баримт хангалттай тохиолдолд хэрэглэгддэг байна.[6]

"In rem" зарчмын давуу болон сул талууд[7]

Өмчийн эсрэг чиглэсэн хөрөнгө хураах ажиллагаанд хэрэглэгддэг “in rem” зарчим нь гэмт хэрэг үйлдсэн хүн байхгүй тохиолдолд ч хууль бус гаралтай хөрөнгийг хураах боломжийг олгодгоороо онцлогтой гэдгийг өмнө дурдсан. Гэвч энэ зарчим нь өөрийн давуу болон сул талуудтай болохыг дараах хүснэгтэд харуулав:

Давуу тал

Сул тал

1. Гэмт хэрэг үйлдсэн хүн байхгүй, эсхүл түүний эзгүйд ч хөрөнгийг хураах боломжтой.


– Хэрэгтэн нас барсан, дүрвэсэн, оргон зайлсан, эсхүл тогтоогдоогүй тохиолдолд ч гэмт хэргийн гаралтай хөрөнгийг хураах эрх зүйн боломж бүрдэнэ.

1. Гуравдагч этгээдийн эрх зөрчигдөх эрсдэлтэй.


– Хөрөнгийн шударга эзэмшигч нь гуравдагч этгээд байх магадлалтай бөгөөд түүний өмчлөх эрх хөндөгдөх, зөрчигдөх эрсдэлтэй.

2. Мөнгө угаах болон авлигын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй арга.


– Нотолгоо шаардагдах гол төв нь гэмт хэргийн гаралтай хөрөнгө, орлого байдаг тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шүүхэд яллах шаардлагагүйгээр хөрөнгийг хураах боломжтой.

2. Хураан авах процесс удаан хугацаа шаарддаг


– Хөрөнгийн гарал үүслийг тогтоох, баримтжуулах, олон улсын түвшинд харилцан мэдээлэл солилцох зэрэг нь цаг хугацаа их шаардагддаг.

3. Олон улсын хамтын ажиллагааны процессыг хөнгөвчилдөг.


– Гэмт хэрэгтнээс үл хамааран хөрөнгийн байршилд үндэслэн хөрөнгийг буцаах үйл явцыг хялбарчилдаг, олон улсын эрх зүйн харилцан туслалцаа авах боломжийг нэмэгдүүлдэг.

3. Хөрөнгийн гарал үүслийг нотлох ажиллагаа нь хүндрэлтэй.


– Хөрөнгө нь үнэхээр гэмт хэрэгтэй холбоотой гэдгийг нотлоход нарийн шинжилгээ, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байх шаардлагатай бөгөөд хууль зүйн өндөр стандарт шаардлагыг хангасан нөхцөлд хэрэгждэг.

“In rem” зарчим буюу ял оногдуулахгүйгээр хөрөнгө хураах зохицуулалт бүхий зарим улс.

Олон улсын жишигт нийцүүлэн “in rem” буюу ялгүйгээр хөрөнгө хураах (Non-Conviction Based Forfeiture, NCBF) тогтолцоог үндэсний хууль тогтоомжид тусгасан хэд хэдэн улс орон дараах байдлаар эрх зүйн зохицуулалт хийсэн байна. Үүнд:

- Их Британи Улсад 2002 онд батлагдсан  “Гэмт хэргийн орлогын тухай хууль” (Proceeds of Crime Act)”[8] нь хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлах үүргийг өмчлөгчид оногдуулсан бөгөөд хэрэв тухайн этгээд өөрийн хөрөнгийн хууль ёсны эх үүсвэрийг нотолж чадахгүй тохиолдолд, ял шийтгэл оногдуулахгүйгээр хөрөнгийг хураах зохицуулалттай бөгөөд хөрөнгө хураах хоёр параллель тогтолцоог бий болгосон цогц хууль юм. .

Их Британи Улсын “Гэмт хэргийн орлогын тухай хууль” (Proceeds of Crime Act 2002) – ийн агуулга:

Зүйл / Хэсэг

Тайлбар

5 дугаар хэсэг ––Иргэний журмаар хөрөнгө хураах

(Civil Recovery) 

Гэмт хэргийн улмаас шууд болон шууд бусаар бий болсон, эсхүл хууль бус эх үүсвэр бүхий гэж үзэх үндэслэлтэй хөрөнгийг эрүүгийн хэрэг үүсгэхгүйгээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар улсын орлого болгох боломжийг бүрдүүлсэн.

298 дүгээр зүйл –Бэлэн мөнгө хураах (Seizure of cash)

Энэхүү заалтын хүрээнд хууль сахиулах байгууллага нь гэмт хэргийн орлого байж болзошгүй гэж үзэх үндэслэлтэй, £1,000 (нэг мянган фунт стерлинг)-аас дээш дүнтэй бэлэн мөнгийг түр хугацаагаар хураан авч, улмаар тухайн мөнгөний хууль ёсны эх үүсвэрийг нотолж чадаагүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу улсын орлого болгох боломжтой.

303Z1 дугаар зүйл –Данс царцаах захирамж

 (Account Freezing Orders (AFO)

Шүүхээс банкны дансанд байгаа хөрөнгийг тодорхой хугацаанд царцаах буюу битүүмжлэх захирамж гаргах боломжийг энэ зүйлд тусгасан. Тухайн дансанд буй хөрөнгө нь гэмт хэргийн улмаас бий болсон эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа үед энэ арга хэмжээг авах боломжтой.

362A дугаар зүйл –

"Гарал үүслийг нь тайлбарлаж чадахгүй байгаа хөрөнгийг шалгах хууль" (Unexplained Wealth Orders (added by Criminal Finances Act 2017)

Шүүхээс тухайн этгээдэд өөрийн эзэмшиж буй, орлогоосоо давсан гэж үзэгдэх хөрөнгийн хууль ёсны эх үүсвэрийг тайлбарлах үүрэг хүлээлгэх захирамж гаргах боломжтой. Хэрэв уг этгээд уг хөрөнгийн гарал үүслийг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй тохиолдолд тухайн хөрөнгийг гэмт хэргийн орлого гэж сэжиглэн civil recovery-д ашиглах нотлох баримт болно

2 дугаар хэсэг –Ял оноосны дараах хөрөнгө хураалт

(Confiscation following conviction)

Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, холбогдох этгээдэд ял шийтгэл оногдуулсны дараа түүний хууль бус орлого, хөрөнгийг улсын орлого болгох үндэслэл бүхий шийдвэрийг шүүхээс гаргах боломжийн талаар энэ хэсэгт тусгасан байна.

- Швейцар Улсад мөрдөгдөж буй “Bundesgesetz über die Rückerstattung unrechtmässig erworbener Vermögenswerte politisch exponierter Personen (Rückerstattungsgesetz, RuG)[9]  буюу “Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль бусаар олсон хөрөнгийг буцаан олгох тухай холбооны хууль” нь гэмт хэргийн орлогыг эзэмшигчийн оролцоогүйгээр шууд хураах, улмаар хөрөнгийг эх үүсвэрийн улсад буцаах эрх зүйн үндсийг тусгасан тусгай хууль юм.

Дээрх хуулийн гол агуулга нь:

Зүйл хэсэг

Тайлбар

1 дүгээр зүйл: Хуулийн зорилго

(Art. 1 Zweck)

Гадаад улсын улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой, хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, тухайн улсын эрх бүхий байгууллагад буцаан олгох журмыг зохицуулах.

2 дугаар зүйл: Хуулийн хэрэглэх хүрээ (Art. 2 Geltungsbereich)

Энэхүү хууль нь гадаад улсын улс төрд нөлөө бүхий этгээд, түүний гэр бүл, ойр дотнын хүмүүст хамаарах бөгөөд Швейцарын нутаг дэвсгэрт байршуулсан хөрөнгөтэй холбоотой асуудалд хамаарна.

4 дүгээр зүйл: Хөрөнгийг хураах үндэслэл

 (Art. 4 Einziehungsgrundlagen)

Хөрөнгө нь гэмт хэргийн үр дүнд бий болсон эсхүл гэмт хэрэгт ашиглагдсан болохыг Швейцарын эрх бүхий байгууллага нотолж чадах тохиолдолд хураах үндэслэл болно.

6 дугаар зүйл: Шүүхийн шийдвэргүйгээр хөрөнгө хураах

 (Art. 6 Einziehung ohne Strafverfahren)

Эрүүгийн хэрэг үүсээгүй, тухайн этгээдийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй ч хөрөнгийг эрүүгийн ял шийтгэлгүйгээр захиргааны журмаар  эх оронд нь буцаах боломжтой.

8 дугаар зүйл: Иргэний журам

 (Art. 8 Verwaltungsverfahren)

Энэ ажиллагаа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх бус, харин иргэний буюу захиргааны журмаар явагддаг.

15 дугаар зүйл: Буцаан олголтын нөхцөл (Art. 15 Rückerstattung an den Herkunftsstaat)

Буцаах хөрөнгийг тухайн улсын эрх бүхий байгууллага ил тод, хариуцлагатайгаар зарцуулна гэсэн баталгааг Швейцарын талд өгсөн нөхцөлд хөрөнгийг буцаан олгоно.

 - Сингапур Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй “Авлига, Хар Тамхи, болон Бусад Ноцтой Гэмт Хэргийн Орлого Хураах тухай хууль” (Corruption, Drug Trafficking and Other Serious Crimes (Confiscation of Benefits) Act (CDSA)”[10] нь авлига, хар тамхи болон ноцтой гэмт хэргүүдтэй холбоотойгоор олсон орлого, хөрөнгийг ялгүйгээр хураах эрх зүйн механизмыг бий болгосон.

Дээрх хуулийн гол агуулга нь:

Зүйл / Хэсэг

Тайлбар

1 дүгээр хэсэг- Ерөнхий зохицуулалт Preliminary

Энэхүү хэсэг нь хуулийн хэрэгжилтэд хэрэглэгдэх нэр томьёо, хүрээ, хуулийн үйлчлэх хүрээ болон хэрэгжүүлэгч байгууллагуудыг тодорхойлдог. Мөн “хууль бус хөрөнгө”, “гэмт хэргийн орлого”, “санхүүгийн баримт бичиг”, “нотлох баримт” зэрэг нэр томьёог албан ёсоор тодорхойлж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үндэслэлийг бүрдүүлдэг.

2 дугаар хэсэг – Гэмт хэргийн орлогыг хураах

Confiscation of Benefits

Шүүхээс тухайн этгээд нь авлига, хар тамхи, мөнгө угаах болон бусад ноцтой гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд, тухайн гэмт хэргийн улмаас бий болсон орлого болон түүнийг орлож буй хөрөнгийг улсын орлого болгох шийдвэр гаргах эрх зүйн үндсийг зохицуулдаг. Энэ нь мөн эрүүгийн ял шийтгэлгүй нөхцөлд иргэний журмаар хураах боломжийг ч багтаадаг.

46 дугаар зүйл – Хөрөнгийн байршил тогтоох захирамж

Property Tracking Orders

Гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах байгууллага шүүхэд хүсэлт гарган, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэл гаргуулах захирамж авах боломжтой. Энэ нь хөрөнгийг нуун дарагдуулах, шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилготой урьдчилсан ажиллагаа юм.

47 дугаар зүйл – Баримт бичиг гаргуулах захирамж

Production Orders

Шүүхийн журмаар банк, санхүүгийн байгууллага, хувийн этгээдээс санхүүгийн гүйлгээ, дансны хуулга болон бусад нотлох баримтыг ирүүлэхийг шаардах захирамж гаргаж болно. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримт цуглуулахад шууд дэмжлэг үзүүлдэг.

Section 48 – Restraint Orders /48 дүгээр зүйл – Хөрөнгө царцаах захирамж

Шүүх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн орлого байж болзошгүй хөрөнгийг зарцуулах, шилжүүлэх, нуун дарагдуулах, устгах зэрэг эрсдэлээс сэргийлж, тухайн хөрөнгийг түр хугацаанд царцаах, битүүмжлэх шийдвэр гаргах боломжтой.

Section 55 – Confiscation Orders / 55 дугаар зүйл – Хөрөнгө хураах шүүхийн шийдвэр

Хэрэв шүүхээс тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон бол, шүүх нь уг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг улсын орлого болгох шийдвэр гаргаж, хураах ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ нь гэмт хэргийн үр өгөөжийг таслан зогсоох, эдийн засгийн хөшүүргийг хаах чухал зохицуулалт юм.

 

Олон улсын хэмжээнд ялгүйгээр хөрөнгө хураах тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэн тохиолдол

Олон улсын хэмжээнд “In Rem” зарчим болон ялгүйгээр хөрөнгө хураах (Non-Conviction Based Forfeiture, NCBF) тогтолцоог ашиглан амжилттай хэрэгжүүлсэн хэд хэдэн бодит тохиолдлууд байдаг. Эдгээр нь ихэвчлэн авлига, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины наймаа зэрэгтэй холбоотой бөгөөд хөрөнгийг эзэмшигчийг яллахгүйгээр хурааж, эх үүсвэрийн улсад нь буцаасан тохиолдлууд юм.

Швейцар – Сани Абачагийн хөрөнгийг буцаах ажиллагаа[11]

Зарчмын хэрэглээ: NCBF + in rem

Хураасан хөрөнгө: 321 сая ам.доллар

Хэрэгжүүлсэн тогтолцоо: Rückerstattungsgesetz (2015) буюу Швейцарын хөрөнгө буцаах тухай хуульд зааснаар, өмчлөгчийн гэм бурууг тогтоогоогүй ч хөрөнгийг гэмт хэргийн эх үүсвэртэй болохыг нотолж, “in rem” зарчмаар хураасан. Абача нь нас барсан байсан бөгөөд түүний гэр бүлийн гишүүдийн дансанд байсан хөрөнгийг хураан, Нигер Улсад буцаасан.

АНУ – Теодоро Нгема Обианг Мангуэ (Экваторын Гвинейн)-ийн хөрөнгө буцаах ажиллагаа.[12]

Зарчмын хэрэглээ: Civil forfeiture (in rem) + NCBF

Хураасан хөрөнгө: 30 сая ам.долларын эд хөрөнгө (лукс машин, байшин, Майкл Жэксоны дурсгалын эд зүйлс)

Хэрэгжүүлсэн тогтолцоо: 18 U.S. Code § 981 (a)(1)(A) заалтаар иргэний журмаар хөрөнгө хураах (civil forfeiture) ажиллагаа хэрэгжсэн.

Обиангт АНУ-д ял оноогоогүй, харин түүний хөрөнгө нь албан тушаалаа урвуулан ашигласан мөнгөөр худалдан авсан болохыг нотолж (in rem) үндэслэлээр хураасан.

Их Британи – Жэймс Ибори (Нигери)-ийн хөрөнгө буцаах ажиллагаа.[13]

Зарчмын хэрэглээ: NCBF + confiscation order

Хураасан хөрөнгө: 35 сая фунт стерлинг

Хэрэгжүүлсэн тогтолцоо: Ибориг Британид мөнгө угаасан хэргээр ялласан (conviction-based), гэхдээ түүний хамсаатнуудын хөрөнгийг ялгүйгээр, өмчийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй үндэслэлээр хураасан.

Proceeds of Crime Act 2002-ын дагуу шүүхээс иргэний журмаар хөрөнгө буцаан олгох буюу civil recovery order гаргаж, in rem журмаар тухайн хөрөнгийг хурааж, Нигерид буцаасан.

Колумб – “Extinción de dominio” (Өмчийн эрхийг дуусгавар болгох)[14]

Хууль тогтоомж: Колумбын Үндсэн хууль болон 2014 оны 1708 дугаар хууль​.

Арга зүй: Колумб нь “in rem” зарчмыг үндэслэн өмчийн эрхийг дуусгавар болгох ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ нь өмчийг эзэмшигчийн гэм бурууг тогтоохгүйгээр, тухайн өмч нь гэмт хэргийн үр дүнд бий болсон, эсхүл гэмт хэрэгт ашиглагдсан болохыг нотолж, шүүхийн шийдвэрээр хураах боломжийг олгодог олон улсын зарчимд нийцсэн.​

Үр дүн: Энэхүү тогтолцооны үр дүнд Колумб нь хар тамхины наймаа, авлига зэрэг гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгийг үр дүнтэй хурааж, улсын орлого болгон ашиглаж байна.

Малайз – Anti-Money Laundering, Anti-Terrorism Financing and Proceeds of Unlawful Activities Act 2001 (AMLA)- “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх болон хууль бус үйл ажиллагаанаас олсон хөрөнгийн тухай хууль”[15]

Арга зүй: AMLA нь мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх хүрээнд “in rem” зарчмыг ашиглан, хууль бус үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийг эзэмшигчид ял шийтгэл оногдуулахгүйгээр хураах боломжийг олгодог.​

Үр дүн: Энэхүү хууль нь Малайзын эрх баригчдад гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг үр дүнтэй хураах боломжийг олгож, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

 


[1] United Nations Convention Against Corruption (UNCAC), Articles 54–57 – https://www.unodc.org/unodc/en/corruption/uncac.html

[2] Financial Action Task Force (FATF), Recommendations 4, 38 – https://www.fatf-gafi.org

[3] “In personam” болон “In rem” зарчимын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Зургадугаар бүлгээс үзнэ үү.

[4] Übereinkommen über Geldwäsche, Ermittlung, Beschlagnahme und Einziehung von Erträgen aus Straftaten (1990). https://rm.coe.int/168007bd3a

[5] UNODC & World Bank. (2011). Asset Recovery Handbook: A Guide for Practitioners. Chapter 3, p. 45.

[6]   Cassella, S. D. (2007). Asset Forfeiture Law in the United States. Juris Publishing. Энэ ном нь АНУ дахь хөрөнгө хураах эрх зүйн тогтолцооны үүсэл, хөгжил, хууль тогтоомж болон шүүхийн практикийг тайлбарладаг. 2-р бүлэгт 1866 оны “Confiscation Act” болон 1890 оны “Customs Laws”-ыг үндэслэн “in rem” зарчмаар хэрхэн гэмт хэрэгтэнгүйгээр өмч хураадаг байсныг тайлбарласан байдаг.

[7] Asset Recovery Handbook: A Guide for Practitioners (Second Edition, 2021). Энэхүү гарын авлагын “Non-Conviction Based Forfeiture” бүлэгт “in rem” зарчмын давуу болон сул талуудыг тайлбарласан байна: https://star.worldbank.org/sites/default/files/star-document/Asset_Recovery_Handbook_Second_Edition.pdf

[8] Их Британи – Proceeds of Crime Act 2002  UK Government Legislation – https://www.legislation.gov.uk/ukpga/2002/29/contents

[9] Bundesgesetz über die Rückerstattung unrechtmässig erworbener Vermögenswerte politisch exponierter Personen (Rückerstattungsgesetz, RuG. https://www.publiceye.ch/fileadmin/doc/_migration/Potentatengelder/EvB_20150219_RK-N-Briefing-SRVG_D.pdf

[10] Сингапур – Corruption, Drug Trafficking and Other Serious Crimes (Confiscation of Benefits) Act (CDSA). https://sso.agc.gov.sg/Act/CDTOSCA1992

[11] UNODC Case: Abacha Case Study. Swiss Info: Switzerland returns Abacha loot 

[12] Complaint filing: United States v. One White Crystal-Covered “Bad Tour” Glove and Other Michael Jackson Memorabilia. U.S. DOJ: DOJ Press Release 2014

[13] UK Home Office: Press Release

[14] UNODC – Manual on Extinción de Dominio (2018)

[15] Financial Action Task Force (FATF) – Mutual Evaluation Report of Malaysia (2015)

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮН НАС БАРСАН, СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН, ОРГОН ЗАЙЛСНААС ҮЛ ХАМААРАН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ ОЛСОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ХУРААЖ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ”IN REM” ЗАРЧИМ
23 цаг 24 мин
ХУУЛЬЧИД АЛДАА ШАЛГАГЧ “SPELLCHECK” ПРОГРАММЫГ 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР АШИГЛАНА
Өчигдөр 11 цаг 55 мин
ТАЙЛАН
Уржигдар 15 цаг 53 мин
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-01-06 11:43
АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ХҮНИЙ ЭРХИЙН VI БАГА ХУРАЛ”-ЫН БҮРТГЭЛ НЭЭГДЛЭЭ
2026-01-05 15:59
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ХУУЛЬ, ТОГТООМЖУУД
2026-01-02 16:57
МЭНДЧИЛГЭЭ
2026-01-02 10:19
ШҮҮГЧ ЧАГДААГИЙН ХОСБАЯРТ ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
2025-12-30 13:35
2025 ОНЫ ОНЦЛОХ 20 АЖИЛ
2025-12-30 11:55
“Иргэний эрх зүй” подкаст
2025-12-30 11:40
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2025-12-30 10:57
2025 ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД ТОДОРЛОО
2025-12-25 11:47
“МОНГОЛ УЛС РОМ-ГЕРМАНЫ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООНД ХАМААРАХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА
2025-12-22 12:55
МЭДЭЭЛЭЛ
2025-12-19 11:27
ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА
2025-12-16 17:40
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Т.НАРАНЦОГТ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2025-12-12 11:23
МЭНДЧИЛГЭЭ
2025-12-10 14:26
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2025-12-10 10:42
“ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС: ЗАРЧИМ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-12-09 16:07
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч байна
2025-12-09 09:34