Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооноос санаачлан Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй хамтран Ханнс-Зайделийн сан, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр(2026.03.27) зохион байгууллаа.
Монгол Улсад анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж байгаатай холбогдуулан зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт Япон, Герман, Канадын судлаачид, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөлөл болон хуульч, судлаачид оролцож, гэмт хэрэг үйлдсэн хүүхэд буюу өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, бие даасан бүтэц, тогтолцоо бий болгох, хуульч, албан хаагчдыг мэргэшүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Тодруулбал, энэхүү хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны албаны дарга, ахлах прокурор Б.Мөнхдорж нар ажилласан бол Монгол Улсын Их хурлын гишүүн Х.Баасанжаргал Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулгыг хийж, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд “Канад улсын Өсвөр насны хүний хэргийн шүүхийн тогтолцоо” сэдвээр мэдээлэл өгсөн. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор Х.Эрдэм-Ундрах “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх, түүний чиг үүрэг” сэдвээр, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор, доктор, дэд профессор Б.Өнөрмаа “Өсвөр насны хүнд холбогдох хэргийн нөхцөл байдал” сэдвээр, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, хуульч Ж.Хунан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдвээр, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Х.Наранбаатар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгаалал” сэдвээр, Японы Хууль зүйн яам, Сургалт, судалгааны хүрээлэн, Гадаад хамтын ажиллагааны газрын профессор Хигучи Руи “Япон улсын Гэр бүл, хүүхдийн шүүх дэх нөхцөл байдлын шинжээч, түүний чиг үүрэг, ач холбогдол” сэдвээр, ХБНГУ-ын Пассау дахь Прокурорын газрын Хүүхдийн хэргийн прокурор Юлья Шахербауер “ХБНГУ-ын насанд хүрээгүй хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, прокурорын чиг үүрэг” сэдвээр, Улсын дээд шүүхийн судлаач З.Янжинлхам “Өсвөр насны хүүхдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоог хөгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг бэхжүүлэхэд өмгөөлөгчийн оролцооны зарчмыг боловсронгуй болгох эрх зүйн арга зам” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн.
Мөн панел хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр МХХ-ны Эрүүгийн эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, МХХ-ны Эрүүгийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюунболд нар ажиллаж, панелистаар УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Эрдэнэ, Мөрдөн шалгах албаны хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад И.Ерболд, ШШГЕГ-ын Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Д.Энхбат, МХХ-ны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ж.Баасанжав, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч М.Отгонгэрэл, Криминологичдын холбооны УЗ-ийн дарга, доктор, профессор Б.Батзориг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор Т.Золбоо нар оролцож, өөрсдийн саналыг хуваалцсан юм.
Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн хариуцлага тооцохоос гадна хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог, нийгмийн орчин, дахин нийгэмшүүлэх хэрэгцээг харгалзан үзэхийн зэрэгцээ хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчигдөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд хүүхдэд ээлтэй орчин, арга зүйг төлөвшүүлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах шаардлага байсаар байгааг илтгэгчид хэлсэн.
Учир нь Монгол Улсад 2023-2025 онд өсвөр насны хүнд холбогдуулан мөрдөн байцаалт явуулсан 2753 хэрэгт өсвөр насны 3660 яллагдагч холбогджээ. Үүнээс 1390 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 1218 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Жилээр нь авч үзвэл 2023 онд 908, 2024 онд 944, 2025 онд 901 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан нь энэ төрлийн гэмт хэрэг буурах хандлага ажиглагдахгүй, тогтмол давтамжтай үйлдэгдэж байгааг харуулдаг байна. Мөн насны хувьд 14-16 насны 1886, 16-18 насны 1774 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ. Үүнээс үзэхэд энэ төрлийн хэрэг тогтвортой, давтан шинжтэй, эрт өсвөр насанд төвлөрсөн, хүний эрүүл мэнд болон өмчлөх эрхийн эсрэг шинж давамгай байгаа нь өсвөр насны гэмт хэрэгт хандах өнөөгийн бодлого, практикийг эргэн харах зайлшгүй шаардлага байгааг онцоллоо.
Хэлэлцүүлгээс өсвөр насны хүүхдийн онцлогт тохирсон журам, стандартуудыг нарийвчлан боловсруулж батлах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах, шүүх, цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хүүхэд хамгааллын байгууллагуудын хамтарсан механизм бий болгох, мэдээлэл солилцооны нэгдсэн сан, системийг хөгжүүлэх, шийтгэлээс илүү сурган хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, сэтгэл зүй, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнчлэн хүүхдийн хэрэг дээр ажиллах шүүгч, прокурор, өмгөөлөгчид, мөрдөгчдийг мэргэшүүлэх, сэтгэл зүйч, нийгмийн ажилтны оролцоог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал хангах, сургалтын тогтолцоотой болох зэрэг судалгаа шинжилгээний үндэслэлтэй санал, зөвлөмж дэвшүүлсэн бөгөөд тус санал, зөвлөмжийг нэгтгэн хууль санаачлагчдад хүргүүлэх болно.
Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Ханнс-Зайделийн сан, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хамт олон болон өөрийн үнэт цаг завыг зориулан оролцсон илтгэлч, чиглүүлэгч, панелистууд, оролцогчдодоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Хэлэлцүүлгийн бичлэг-1 ҮЗЭХ
Хэлэлцүүлгийн бичлэг-2 ҮЗЭХ